Ховд аймгийн олон ястан залуучуудын фестивальд 500 гаруй хүн оролцож байна



Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс орон нутгийн  хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний  идэвх, оролцоог сайжруулах, урлаг, спортоор дамжуулан  тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд  аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав санаачлан “Ховд аймгийн Олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна.



Энэ сарын 9-нөөс 12-ны өдөр хүртэл үргэлжлэх тус фестивальд 17 сумын 15-34 насны малчин болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл 500 гаруй хүн оролцож байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа. Энэ үеэр тус арга хэмжээг санаачлагч аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди  нар оролцогчдод амжилт хүсч, үг хэллээ.



Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Ховд аймгийн  ХДТ-ын  уран бүтээлчид  язгуур урлагийн сонирхолтой тоглолтоор оролцогчид, иргэд олон нийтийн мэлмий сонорыг мялаасан юм. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэгч Дархан нэхий, Жинст мөрөн зэрэг таван  компани ноос ноолуур, нэхий урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж, хувцас загварын үзүүлбэрийг сонирхууллаа.  



Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Швейцарын хөгжлийн агентлаг, аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн, ТББ-ын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МУ-ын гавьяат малчин Х.Эрдэнэ, гавьяат барилгачин А.Пүрэвдорж, гавьяат тариаланч И.Төлөөгөн нар “Ховд аймгийн Олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг  дэмжиж ажилласан байна. 
















 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ