“Алтан бумба” амралт, сувиллын газар ажиллаж эхэллээ



Орон нутгийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор Жаргалант суманд “Алтан бумба” амралт, сувиллын газар байгуулжээ. “Алтан бумбат зоос” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн Ахмадын хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой  хамтран 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ сувиллын газрыг байгуулснаараа онцлог юм. Тус сувиллын газрын ажлын 20 хувийг аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, 30 хувийг Ахмадын хороо, 50 хувийг “Алтан бумбат зоос” ХХК тус тус хариуцаж, цаашид хамтран ажиллана. Энэ сувиллын газар ашиглалтад орсноор эмч, асрагч, тогооч, манаач зэрэг  7 ажлын байр шинээр бий болгожээ. Мөн Ховд аймагт 8000 гаруй ахмад настан, 2639 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Эдгээр иргэдэд ая тухтай амрах, эмчилгээ хийлгэх шинэлэг орчин нөхцөл бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой. Тус сувилал нь 60 мкв талбай бүхий орчин үеийн стандартын шаардлага хангасан сувиллын байр, таван гэр барьж тохижуулсан ба нийт 20 ортой. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн 50 ортой болгохоор зорьж байна гэж албаныхан хэллээ.



Уламжлалт болон физик, нөхөн сэргээх эмчилгээ хийж, биеийн тамир чийрэгжүүлэлтийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмж ашиглан бариа засал, төөнүүр, аарцаг нурууны эмчилгээг иргэдэд  үзүүлэн ажиллаж байна. Тус сувилал нь талбайдаа алимны мод 50 ш, шар хуайс 200 ш, гоёлын мод 20 ш тарьсан бөгөөд хүнсний ногоо тарих зориулалт бүхий хүлэмж байгуулсан байна.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ