Үндэсний бичгийн соёлыг залуу хойч үеийнхэнд сургах, өвлүүлэн үлдээх, монгол бичгийн соёл боловсролыг түгээгч багш, тээгч анги, бүлэг шалгаруулах зорилгоор Монгол бичгийн сургалт, судалгааны “Ертөнц” төвөөс “Үндэсний өв соёлоо түгээгч, тээгч-2019” Улсын уралдааныг 5 дахь жилдээ зохион байгууллаа.
Уралдаанд 18 аймаг, 4 дүүргийн Ерөнхий боловсролын 160 сургуулийн 6-12-р ангийн 611 бүлгийн 16352 сурагчид Монгол бичгээр хурдан унших, хичээнгүй бичих чадвараа сорин өрсөлджээ. Өмнөх оны уралдаанд Ховд аймгаас 28 бүлгийн сурагчид оролцож 8-р байр эзэлж байсан бол энэ удаад 39 бүлгийн сурагчид оролцож улсдаа 5-р байранд шалгарч, амжилтаа ахиулсан байна.
Тухайлбал, Мянгад сумын ЕБС-ийн Э.Ууганзаяа багштай 8А анги шагналт 5-р байранд, 10-р ангийн сурагчид нь 6-р байранд шалгарсан амжилт үзүүлжээ.
Энэ нь Ховд аймгийн сурагчдын Монгол бичгээр уншиж, бичих чадвар үнэмлэхүй хэмжээнд сайжирч байгааг харуулсан үзүүлэлт болохыг тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байлаа.