2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүсэн байгуулагдаж, өдгөө 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Капитрон банк Ховд аймагт салбар, тооцооны төвөө нээж, нээлтийн туузаа хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Капитрон банкны гүйцэтгэх захирлын орлогч Ч.Энхбат, Капитрон банкны иргэдийн банкны газрын захирал Ж.Мөнх-Итгэлт, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Монгол банкны Ховд салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ болон Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж буй арилжааны 4 банкны удирдлагууд, аж ахуй нэгж, албан байгууллагын дарга, эрхлэгч, иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн Капитрон банкны Ховд аймаг дахь салбар, тооцооны төвийн удирдлага, ажилтнуудад ажлын амжилт хүсч, хүндэтгэл үзүүллээ.
Капитрон банк нь Монгол улсын банк, санхүүгийн зах зээлд техник, технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернет банк, телефон банк болон мессеж банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан төдийгүй, харилцагчиддаа эск-роу данс, овер-драфт зээл, лизинг, мэргэжлийн зээл зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хүргэж банкны салбарт эрч хүчтэй, шинэлэг банкны дүр төрхөөр орж ирсэн түүхтэй юм. Капитрон банк нь 430 ажилтантай, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймгуудад нийт 45 салбар, нэгжээрээ дамжуулан 113 мянга гаруй харилцах, хадгаламж эзэмшигчдэд 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэн ажиллаж байна. Мөн Капитрон банк нь Монгол улсын топ 100 аж ахуйн нэгжээр гурав дахь удаагаа дараалан шалгарсан. Монгол улсын хэмжээнд 13 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулдаг бол Ховд аймагт арилжааны 4 банкны 40 нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл Капитрон банкны шинэ салбар, тооцооны төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр арилжааны 5 дахь банк болж байгаа юм.