Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн хэмжээнд 24-46 насны 362 эх “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаалаа. Үүнээс 31 ээж “Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, 331 ээж хоёрдугаар зэргийн одон хүртлээ.
Жаргалант сумын эмэгтэйчүүдэд "Алдарт эх”-ийн одон гардуулах үйл ажиллагааны энэ сарын 31-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж, аймгийн удирдлагууд тус сумын 101 ээжид “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулан өгч баяр хүргэсэн юм. Эдгээр эмэгтэйчүүдийн дөрөв нь нэгдүгээр зэргийн одон, 97 нь хоёрдугаар зэргийн одон гардан авлаа.
Энэ жил хамгийн олон ээж “Алдарт эх” одон авсан сумдыг нэрлэвэл Жаргалант, Булган, Ховд сум байлаа. Харин нэгдүгээр зэргийн одон гардан авсан эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь 32 настай буюу Ховд сумын Улаанбураа багийн иргэн Х.Жолдыгүл байв. Мөн хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулсан хамгийн залуу ээж 24 настай буюу Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн А.Маржангүл байлаа.
Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 338 ээж “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялааж байсан. Тэгвэл энэ онд 24 ээж буюу 7 хувь өссөн дүнтэй байна.
ВИДЕО: