Эмнэлгийн тогооч нарын ур чадварын тэмцээнд 18 тогооч оролцов



Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” хоёр дахь  өдрөө үргэлжилж байна.  Тус зөвлөгөөний хүрээнд  тогооч, жолооч, үйлчилгээний ажилтнуудын дунд ур чадварын тэмцээн зохион байгууллаа. Тогооч нарын ур чадварын тэмцээнд  16 сумын эрүүл мэндийн төв болон Үенч сум дахь  Хилийн цэргийн ангийн тогооч зэрэг 18 тогооч оролцож байна. Тэд 45 минутын  хугацаанд  дурын  хүнсний  бүтээгдэхүүн, амтлагч  ашиглан эмчилгээний буюу цагаан хоолны гурван төрлийн иж бүрдэл хийх зарчмаар ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. 


Энэхүү тэмцээн нь тогооч нар харилцан туршлагаа солилцох, хоол үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, иргэдэд эрүүл хүнсээр үйлчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Тэмцээний шүүгчээр аймгийн Хүнсчдийн холбоо, Эрүүл мэндийн газар, Хөгжил политехник коллеж зэрэг байгууллагын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна. Шүүгчид эмчилгээний хоол үйлдвэрлэлийн  анхан шатны ба дулааны боловсруулалт, таваглалт, хугацаа зэргийг харгалзан оноогоор дүгнэж байна. Эрүүл мэндийн салбар  байгууллагуудын  тогооч нарын  ур чадварын тэмцээнийг энэ онд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог байлаа. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ