Ховд аймгийн хэмжээнд “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд одоогийн байдлаар Ховд Цахилгаан түгээх ХХК, Хот тохижилтын газар, Хөгжил политехник коллеж зэрэг 8 байгууллагын 260 гаруй ажилтан, албан хаагч нэгджээ. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөний зорилго чиглэж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ГБХЗХГ, Хүний эрхийн үндэсний комисс, “Жаргалант хатан заяа” ТББ, “Хүүхэд хамгаалагч” төсөл, Хүүхдийн элч нар хамтран хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх талаар арга зүйн боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мөн “Та ч гэсэн хүүхэд байсан”, “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе”, “Таны хүүхэд таны толь”, “Хүүхдээ сонсож, найз шиг нь байя” гэсэн уриалга гаргаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа юм.
Ховд аймгийн хэмжээнд өнгөрсөн 2017 онд 16 гэмт хэрэгт 25, 2018 онд 17 гэмт хэрэгт 22, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 25 гэмт хэрэгт 22 хүүхэд тус тус холбогджээ. Хүүхэд ихэвчлэн бусдын биед гэмтэл учруулах, эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 15-17 насных байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүнчлэн судалгаагаар хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгаан нь эцэг эхийн хараа хяналт сул, бусдын нөлөөнд автамтгай, амар хялбар аргаар мөнгөтэй болохыг санаархдаг, цахим тоглоом тоглох зэргээс үүдэлтэй гэж тогтоогджээ. Мөн хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирч байна. “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөн нь орон нутагт хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү хөдөлгөөнийг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.