Монгол гэрт “Хотон шувуу” тэжээж байна



Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын байгаль хамгаалагч  Б.Содбилэг  өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 18-ны өдөр  Чандмань сумын Сүлжээ багт бууны суманд шархадсан  хотон шувуу байгааг  олж илрүүлжээ.  Тухайн үед  хотон шувууны  зүүн далавч болон  хөл нь гэмтсэн, нисэх боломжгүй байжээ. Ингээд Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын захиргаа болон мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авч ажилласан байна. Тус шувууг Жаргалант суманд авч ирж, гурван сарын хугацаанд эмчилсэн бөгөөд  зориулалтын байр байхгүй учраас монгол гэрт өсгөн тэжээж байна.
Тус хотон шувуу нь өнгөрсөн оны төл бөгөөд одоо нэг настай аж. Хар-Ус нуур орчмын Улсын Тусгай Хамгаалалттай газрын захиргааны хамт олон  энэ шувуунд “Азхүү” хэмээх нэр өгчээ. Азхүү  хэмээх  хотоон шувуу нь  өдөрт  3-4 загас иддэг. Анх  олоход 6 кг байсан бол одоо 7.5 кг жинтэй болжээ.  Тухайн  шувууны хооллох, усанд оруулах зэрэг арчилж маллах  тал дээр мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын зөвлөмжийн дагуу экологич Ц.Ганболдын гэр бүл хариуцан ажиллаж байна.  Тухайлбал,  хоёр өдөрт нэг удаа ванны усыг сольдог бөгөөд  үүнд 200 гаруй литр  ус ашигладаг гэнэ.  Тус шувууг зургаадугаар сард хотон шувуу  зусаж,  үр төлөө авдаг цорын ганц өлгий болох  Хар-Ус нуур  орчимд  тавьж,  ижил  сүрэгтэй  нь нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэж албаныхан мэдээллээ.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ