БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрайгаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Коосэн, Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулах урьдчилсан сорил маргааш буюу тавдугаар сарын 11-ний өдөр Лаборатори нэгдүгээр сургууль дээр болно. Тус хөтөлбөр нь барилга, хүрээлэн буй орчин, механик инженер, архитектор зэрэг мэргэжлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бакалаврын хос дипломтой инженерүүдийг бэлтгэх зорилготой бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд Ховд аймгаас 30 гаруй оюутан хамрагдаж амжилттай суралцаж байгаа юм.
Төслийн багийнхан энэ онд Улсын хэмжээнд 120 оюутан сонгон шалгаруулж авахаар төлөвлөж байна. Тэгвэл одоогийн байдлаар Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 64 сурагч хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын урьдчилсан сорилд оролцохоор бүртгүүлжээ. Урьдчилсан сорилын хүрээнд төгсөх ангийн сурагчид математик, хими, физикийн хичээлийн агуулгаар шалгалт өгөх юм. Сурагчид сорилыг 50 ба түүнээс дээш хувьтай гүйцэтгэснээр сонгон шалгаруулалтад тэнцэх аж. Ингэснээр ШУТИС-д бакалаврын хамтарсан хөтөлбөрт 2.5 жил суралцах бөгөөд шилжин суралцах шалгалтад тэнцсэнээр Японы их сургуульд 2 жил суралцаж, хос дипломтой инженер болж төгсөх боломж бүрдэх юм.
Дээрх төслийн багийнхан Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нартай уулзаж, бүтээлч сэтгэлгээ бүхий практик ур чадвартай, техник технологийн өндөр мэдлэгтэй, нарийн мэргэшсэн хүний нөөц, тэр дундаа чадварлаг инженерүүдийг хэрхэн бэлтгэх, сурагчдыг энэ чиглэлээр яаж хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.