Ховд аймагт энэ онд дөрвөн томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ. Мөн сум бүрт сургууль, цэцэрлэг, соёлын төв, нутгийн удирдлагын ордон, спорт заал, эрүүл мэндийн төв зэрэг барилгын засвар, шинэчлэлийн ажлууд өрнөнө.
Эдгээр ажлуудын даалгаврыг холбогдох яам, аж ахуйн нэгжтэй хамтран боловсруулж, худалдан авах ажиллагаа зарласан бөгөөд тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүх ажлууд төлөвлөгөөний дагуу эхэлнэ гэж албаныхан мэдээллээ.
Тодруулбал, Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцал хэмээх газар баригдах “Эрдэнэбүрэнгйн УЦС”-ын ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ. Үүний дагуу аймгийн удирдлагууд, холбогдох салбарын мэргэжилтнүүд нь Эрчим хүчний яам, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран судалгаа шинжилгээ хийж байгаа гэнэ. 96 мв-ын хүчин чадалтай тус УЦС баригдсанаар Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдэх юм. Мөн үйлдвэр, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байр нэмэгдэх боломжтой аж.
Түүнчлэн Буянт сумын нутаг Шохойтын бэл гэдэг газарт “Цементний үйлдвэр”-ийн барилга угсралтын ажил тун удахгүй эхлэх гэж байна. Барилгын гол түүхий эд болох цементний үйлдвэр ашиглалтад орсноор орон сууцны үнэ тогтворжих, зам талбай, сургууль, цэцэрлэг, явган зам, талбайн тохижилт сайжрах зэрэг чухал ач холбогдолтой юм.
Мөн Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн төсөл хэрэгжиж байна. Одоогоор тус байгууламжийн барилга угсралтын ажил явагдаж байгаа юм. Хоногтоо 1500 м.куб ус цэвэрлэн боловсруулах байгууламж ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр хөгжих, үүнийг дагаад ажлын байр олноор бий болно гэж албаныхан үзэж байна.
Дараагийн бүтээн байгуулалт нь аймгийн төв буюу Жаргалант суманд баригдаж буй 1000 тн багтаамжтай Механикжсан зоорь юм. Тус зоорийг барьснаар ард иргэд орон нутагтаа үйлдвэрлэж буй эко хүнсийг стандартын дагуу хадгалж, жилийн турш чанар, эрүүл ахуйн баталгаат хүнс хэрэглэх боломж бүрдэж байгаагаараа онцлог билээ.