Ховдын сэтгүүлчид “10 мянган мод” тарих аянд нэгдлээ



“Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн Хэвлэл мэдээллийн байгууллагууд “10 мянган мод-Олон ястны угтах хаалга” аянд нэгдэж,  50 гаруй мод тарьж суулгав. Тус аяныг Дэлхийн байгаль хамгаалах сан \ДБХС\, “Түмэн модот хаалга” ТББ-аас санаачлан Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжтай болгох, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор  өрнүүлж байгаа юм.  “Амьд ногоон хаалга биднийг угтана” уриатай  тус аянд  Ховд аймгийн иргэд  байгууллага хамт олон, нутаг ус, ах дүүсээрээ нэгдэн оролцож байгааг санаачлагчид онцолж байна. Бичигтийн хөтөл буюу Модон овооноос Ховд аймгийн төв хүртэл 4.5 км байдаг. Тус хөтлөөс уруудаж байгаа авто замын хоёр талаар буюу 10 га газарт 10 мянган мод тарьж, эх дэлхийн төгөл /Дэлхийн байгаль хамгаалах сан/, халх, захчин, өөлд, казах, торгууд, урианхай түмний төгөл зэрэг 10 гаруй төгөл бий болгох зорилт дэвшүүлжээ. Энэхүү ажлыг 2018 оны хавар эхлүүлж, 1.6 га-д авто замын стандартын дагуу улиас, бургас, хайлаас гэсэн гурван төрлийн 1700 мод тарьсан бол энэ жилийн хувьд 5 га-д  улиас, бургас, шар хуайс  зэрэг 5 төрлийн 5000 мод тарихаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд одоогийн байдлаар  усалгаа, арчилгаа хийх, тороор хамгаалах,  мод тарих  зэрэг ажлуудыг  хийж байна. Мод тарих амархан ч модыг арчлах нь хамгийн чухал. Иймээс модыг арчлах, хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгаа юм. Цаашид тарьсан модыг услахдаа худаг болон зөөврийн усалгаа гэсэн 2 төрлөөр хийх юм. Тус аймгийн хэвлэл мэдээллийн салбарт 4 телевиз, 2 сонин, 3 сайт  үйл ажиллагаа явуулж, 20 гаруй сэтгүүлч, зураглаач ажиллаж байна. Тэд Ховд аймгаа амьд модон хаалгатай болгох тус бүтээлч ажилд мэдээлэл, сурталчилгааны дэмжигчээр ажиллахаар болж,  нутгийн зон олныг мод тарих аянд нэгдэхийг  уриаллаа. 

ВИДЕО:


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ