Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль 2018-2019 оны хичээлийн жилд 18500 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс тус хичээлийн жилд 2170 хүүхэд нэгдүгээр ангид суралцаж байгаагаас Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн нэгдүгээр ангийн 6 бүлэгт 244 сурагч элсэн суралцаж, унших, бичих, сэтгэн бодох чадвараа амжилттай эзэмшсэн байна. Иймээс тус сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан сурагчид
"Эрдмийн баяр"-аа тэмдэглэж энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ багш, эцэг эхчүүддээ тайлагнав.
Лаборатори нэгдүгээр сургуулийн нэгдүгээр ангийн нийт сурагчдаас түгдрэлгүй шууд уншиж байгаа 118, үеэр зөв уншиж байгаа 105, үсэглэн уншиж байгаа 20 сурагч байгаа нь 89.3 хувийн гүйцэтгэлтэй суралцаж байна гэсэн үнэлгээ авчээ. Энэ нь цаашид бяцхан суралцагчид эх хэлээрээ зөв унших, бичих, сэтгэн бодох, өөртөө итгэлтэй ярьж, бусдыг сонсох чадварт суралцахын эхлэл болж байгааг сургуулийн удирдлага онцлон хэлж байлаа. Ийнхүү сурагч хэмээх эрхэм нэрийг хүртэн мэдлэг оюунд шамдан суралцах их хүсэл тэмүүллийн эзэд болж буй бяцхан сурагчид, эх орныхоо хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад эрдэм мэдлэг, эрхэм чанарыг эзэмшүүлэх ариун үйлсэд зүтгэж яваа багш нар, эрдэм мэдлэгийн анхны гараанд багш нартайгаа хамтран ажиллаж, урмын цагаан сэтгэлээр тусалж байдаг эрхэм хүндэт эцэг эхчүүд чуулсан
“Эрдмийн баяр”-ийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.