“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулав. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар тус сумын иргэдэд танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Хөгжил политехник коллеж, Цагдаагийн газар, Прокурорын газрын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд байгаа бөгөөд үндсэн чиг үүргийнхээ дагуу тус сумын иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж, төрийн зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажилласан байна.
Мөн ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ТЗУХ-ийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Мөнхжагаа нар "Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга", Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн талаар сумдын төрийн албан хаагчдад мэдээлэл хийв.