Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллаж “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав



“Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийн хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулав. Ажлын хэсэгт Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Хөгжил политехник коллеж, Цагдаагийн газар, Прокурорын газрын холбогдох албан тушаалтнууд үндсэн чиг үүргийнхээ дагуу тус сумын иргэд, хөдөлмөрчдөд мэдээ, мэдээлэл өгч ажилласан байна. 



Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар тус сумын иргэдэд танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Мөн иргэдээс төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, вакцин хийсэн малын махыг хэдий хугацаанд хүнсэндээ хэрэглэж болох, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга нар ажлаа хийхгүй байна гэх зэрэг асуулт, саналуудыг тавьж холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд асуултад хариулт өгөв. 



Уулзалтын төгсгөлд сумын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж буй иргэдийг аймгийн “Хүндэт тэмдэг”, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” –өөр шагнаж урамшууллаа.



Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди Цэцэг суманд ажиллах үеэрээ тус суманд шинээр нүүж ирж буй Хөшөөт багийн барилгын явцтай танилцлаа. Тус баг нь сумын төвөөс 3,5 км орчим зайтай баг юм. Одоо тус багт хүүхдийн цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд халуун ус, уурын зуух, соёлын төв, цэвэрлэх байгууламж, дотоод тохижилт зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа юм байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ