УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Ардчилсан намаас эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Жагсаалын гол зорилго нь юу байв, хэчнээн хүн оролцсон бол?
-60 тэрбумын схемээр гарч ирсэн УИХ, Засгийн газар бол хууль бус юм. Тэдний гарч ирсэн үйл явц нь ч өөрөө Үндсэн хуулийн эсрэг хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор АН эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Дээрээс нь 60 тэрбумын схемээр гарч ирсэн гишүүд юу ч хийж, яаж ч төрийн мөнгийг идэж болно гэдгийг ЖДҮ-ээр харууллаа. ЖДҮ бол гэмт хэрэг.
Гэмт хэргээр барьцаалагдсан УИХ -ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг саяын ээлжит бус чуулганаар гаргасан. Барьцаалагдсан УИХ энэ хавар хэлэлцэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж болохгүй. Зарчмын зөрүүтэй саналаар ямар ч асуудал гаргаж ирээд эсрэг шийдэх, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг булаах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч бид УИХ-ыг тарахыг шаардаж байгаа.
Ард түмэн нэг зүйлийг мартсан. Өөрөөр хэлбэл, МАН-ын 2016 онд амласан мөрийн хөтөлбөрийг шаардахаа мартчихсан. Ганцхан жишээ хэлэхэд, МАН 2016 оны сонгуулиар “Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй болчихлоо” гэж ард түмнийг айлгаж байгаад ялалт байгуулсан. Гэтэл өнөөдөр нэг ширхэг ч бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийж, ард түмний амьдралыг сайжруулсангүй.
Бүр нэг хүнд ногдох өрийг 24 сая 450 мянган төгрөгт хүргэчихлээ. Есөн сая 450 мянган төгрөгөөр нэг хүнд ногдох бүрийг нэмэгдүүлчихээд тухайн аймаг, сум, дүүрэгт ямар ч бүтээн байгуулалт хийгээгүй байна. Тиймээс жагсаалын нэг зорилго нь МАН-ын амлалтуудыг сануулах байсан.
-УИХ-ыг тарах ёстой гэж та бүхэн хэлж байна. Гишүүдийн гуравны хоёр нь таръя гэсэн санал өгсөн нөхцөлд УИХ тарах боломжтой талаар Үндсэн хуульд заасан байдаг. Эрх баригчид УИХ-ын буюу өөрсдийнхөө эсрэг кноп дарна гэж үү?
-Улсын Ерөнхий прокурор УИХ-ын хэд хэдэн гишүүдийг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг УИХ-д оруулсан боловч МАН гэмт хэрэг хийсэн хүмүүсээ хамгаалж үлдсэн. Ер нь бол ЖДҮ-ийн зээл гэж ярих ёсгүй. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүс энэ хөрөнгийг зувчуулсан. ЖДҮ-ийн зээл Т.Бадамжунайг Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхаас олгогдож эхэлсэн.
Тухайн үед зээл авсан маш олон хүний материал байхгүй. Мөнгийг нь зувчуулаад алга болсон тохиолдлууд байдаг. УИХ-ын гишүүд энэ мөнгийг зээлээр аваагүй. Зувчуулна гэж авсан. Харамсалтай нь ЖДҮ-ийн асуудал дэгдсэнээр энэ хүмүүсийн хулгай луйвар ил болсон. Тиймээс бид тэднийг гэмт хийсэн хүмүүс л гэж ойлгож байгаа. Тиймээс гэмт хэрэгтнээр дүүрсэн УИХ тарах ёстой гэсэн зарчмын байр суурин дээр АН байгаа юм.
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хууль орчихсон. Үндсэн хууль хэлэлцэхээр болчихвол тухайн нөхцөлд сөрөг хүчний зүгээс ямар байр суурь илэрхийлэх бол?
-Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлсэн гэж ярьж байгаа. Үүнд нь ихэнхдээ МАН-ыг дэмждэг хүмүүс зохион байгуулалттайгаар оролцож, Монгол Улс даяар хэлэлцүүлэг явуулсан гэж ярьдаг. Харамсалтай нь сөрөг хүчний зүгээс тодорхой саналууд бүрэн дүүрэн ороогүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар хийх ёстой. Тэгэхээр МАН-ын ЖДҮ-д барьцаалагдсан гишүүд өөрсдийгөө хамгаалахын тулд кноп дарж магадгүй. Дээрээс нь 60 тэрбум, ЖДҮ гэж хуваагдсан МАН кнопныхоо тоогоо хүргэх үү, хүргэхгүй юу гэдэг нь асуудал. Ер нь бол МАН-ын олон гишүүд өөрсдөө өнөөдрийн УИХ-ыг Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх чадамжгүй гэж тодорхойлж эхэлсэн. Би үүнтэй санал нэг байгаа.
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг баталлаа. Ингэснээр Ерөнхийлөгчид давуу эрх мэдэл олголоо гэж хуульчид шүүмжилж байгаа. Энэ тухайд?
-Манай Үндсэн хуульд засаглалын хуваарилалтыг зөв хийсэн байдаг. Харамсалтай нь шинээр АТГ-ыг байгуулж, тодорхой албан тушаалтнуудын хэргийг шийддэг болсон. Тэднийг Ерөнхийлөгч томилдог байснаар улстөрчдийн өөрсдийнх нь хэлдгээр нэгийгээ хонгил руу чирдэг систем бүрдсэн гэж үздэг. Ерөнхийлөгч ерөнхий прокурор, дээд шүүх, АТГ-ын даргыг санал болгож шийдвэрлэдэг. Ингэснээр нэг хүнд хууль хүчний байгууллагын эрх мэдлийг өгч, үүнээс болж хонгилын асуудал үүсдэг гэх шүүмжлэл бий.
Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулгын үед ч энэ хэвээрээ байх хандлагатай байгаа. Тиймээс хууль хүчний байгууллагуудын удирдлагыг томилох асуудлыг зев зохистой хуваарилан, тус тусын субъектүүдэд хянах байдлаар өгөхгүй бол хонгилын систем хэвээрээ байсаар байх болно. Энэ талаарх өөрчлөлтийг бид яаралтай хийх ёстой.
-Дээрх хуулийг өөрчлөхийн тулд эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг гаргаж ирлээ, үүнийг өнөөдрийг хүртэл салбарын сайд нь мэдээгүй байсан хэрэг үү гэх зэрэг байр суурийг илэрхийлж байгаа хүмүүс ч байна. Та энэ үйл явцыг юу гэж харж байна вэ?
-Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг Хууль зүйн сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ бол өнгөрсөн 20 жилийн туршид хуулийн байгууллагыг толгойлж байсан Ц.Нямдорж гэдэг хүний өөрийнх нь түүх юм байна л гэж би харсан.
-Я.Санжмятав Ардчилсан намын дарга болох нь гэх мэдээлэл гарсан байсан. Мөн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгч, АН-ын удирдлагатай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Ардчилсан нам дотроо ямар нэгэн өөрчлөлт хийх үү?
-Нэг зүйлийг хэлэхэд, бид 2016 онд маш том ялагдал хүлээсэн. Дотроо зөрчилдөөнтэй, фракцад хуваарилагдчихсан, дээрээс нь лидер дагасан бүлэглэлүүд бий болчихсон байна тиймээс дотоод эв нэгдлээ хангаад ир гэж бидэнд сануулга өгсөн гэж ойлгодог. Хатуу алганы амт үзүүлсэн. Үүн дээр бид дүгнэлт хийгээд 2016 оны сүүл 2017 оны эхээр гурван удаагийн их хурал хуралдуулж, дүрэм журмаа өөрчилж авсан.
Ингээд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат нар намын даргын сунгаанд оролцсон юм. Дүрмийнхээ дагуул С.Эрдэнэ дарга томилогдсон. Өнөөдөр энэ дүрмийн дагуу АН-ын сонгуульт албан тушаалтан буюу сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын хороо, ҮБХ, бүх шатны дарга нар бүгдээрээ жирийн иргэдээсээ сонгогддог болсон. Бид энэ дүрмийнхээ дагуу л явж байгаа. С.Эрдэнэ даргатай холбоотой асуудал байгаа бол дүрмийн дагуу асуудлаа тавих ёстой гэж бодож байна.
Миний зарчим бол ямар дүрэм байна, тэр дүрмийнхээ дагуу л явах. АН дүрмийнхээ дагуу л тоглолтоо хийж байх ёстой гэж боддог. Тэр дүрмийнхээ дагуу ажиллах ёстой гэсэн үг. Өөрсдөө тухайн үедээ болно, бүтнэ гэж дүрмээ баталчихаад дүрмийн бус тоглолт хийж байгаа бол түүнийг нь дэмжих боломж байхгүй.
-Шадар сайд Стандарт банкны өрийг төлж дууссан гэх мэдэгдлийг хийлээ. Энэ хэр зөв шийдэл юм бэ. Ер нь та Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-49 хувийн асуудал дээр Засгийн газарт үүрэг өгсөн тогтоолыг УИХ гаргачихсан юм. Харамсалтай нь Засгийн газар энэ тогтоолыг бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байгаа. Шүүх Засгийн газрын шийдвэрийг цуцалсан асуудал бий. Гэхдээ 49 хувийн асуудал УИХ-ын зүгээс хийх ёстой зүйлээ хийчихсэн. Одоо Засгийн газрын л ажил үлдсэн.
МАН-ынхан Эрдэнэтийн 51 хувийн асуудлын буруутнуудыг олж, өрийг нь төлүүлнэ гэж ярьдаг. Гэтэл 2017 оны тавдугаар сард батлагдсан Эрүүгийн хуулиар аливаа цагаан захтнуудын авлига, албан тушаалын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгосон. Энэ хуулиар тэрхүү зээлийг “Жаст”-д авч өгөх шийдвэр гаргасан Засгийн газар, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой бүх албан тушаалтнууд хэргээс мултарна.
Хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийнээ таван жилээсээ өнгөрчихсөн учраас тэр хүмүүст хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Мөн шоронд хоригдож байгаа Ш.Батхүү гэдэг хүн хамаг хөрөнгөө ийш, тийш нь бэлэглээд, тараагаад, зувчуулчихсан. Одоо “Би сохор ч зоос төлөхгүй. Чихийг минь ав” гээд сууна. Тэгэхээр энэ төлбөрийг хүссэн хүсээгүй Эрдэнэт үйлдвэр, Засгийн газар төлөхөөс өөр аргагүй болж байгаа юм.
Өрийг хямдруулж шийдвэрлэх арга дэлхийд байдаг. Энэ аргыг Монгол Улс ашиглалаа гэж ойлгож байна. Өмнө нь манай улс “Хан ресурс”-ийн хэрэг дээр яг ийм байдлаар өр барагдуулж байсан. 300 сая ам.долларын өрийг 70 сая ам.доллар болгон хямдруулж шийдэж байсан.
Эх сурвалж: ikon.mn