Дэлхийн байгаль хамгаалах сангийн ажилтнууд, гэрээт жолооч нар хамтран “Түмэн модот хаалга” ТББ байгуулж, 2021 он гэхэд Бичигтийн хөтлөөс Ховд аймгийн төв хүртэлх газрыг иргэдийн оролцоотойгоор ногоон байгууламжтай болгох, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах зорилгоор 10 мянган модтой “Олон ястны угтах үүд” бий болгох санаачлага өрнүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Бичигтийн хөтлөөс Ховд аймаг руу хөтлөх үүд хаалга болох “10 мянган мод” төслийн танилцуулах уулзалт зохион байгууллаа.
ВИДЕО:
Тус уулзалтад байгаль орчны салбар байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, байгаль орчны чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байгаа эрдэмтэн докторууд, нутгийн зөвлөл, иргэд хөдөлмөрчид оролцов. Уулзалтын хүрээнд “10 мянган мод” төслийн зорилго, зорилт, 2018, 2019 онд хийсэн ажлын үр дүн, иргэд, олон нийтийн өгсөн хандивын орлого, зарлагын тайланг танилцуулж, харилцан санал солилцлоо.
Бичигтийн хөтлөөс газраас Ховд аймгийн төв хүртэл 4.5 км бөгөөд замын хоёр талаар буюу 10 га газарт 10 мянган мод тарих зорилт дэвшүүлж, эх дэлхийн төгөл WWF, халх, казах, торгууд, урианхай түмний төгөл зэрэг 10 гаруй төгөл бий болгохоор төлөвлөж байна. Энэхүү ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, 1.6 га-д авто замын стандартын дагуу улиас, бургас, хайлаас гэсэн гурван төрлийн 1700 мод тарьсан ба энэ жилийн хувьд 5 га-д 5 мянган мод тарихаар төлөвлөж байна. Мөн энэ онд Бичигт-2 хэмээх худгийг ашиглалтад оруулах ба дуслын усалгааг нэвтрүүлэх аж. Модны арчилгааны хувьд байгаль орчны салбар байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд суваг шуудуу татах, суулгацын үнэ, усалгаа, арчилгаа, тороор хамгаалах, харуул хамгаалалт зэргийг тогтмол хийж байна. Иргэдийн оролцоотойгоор 3 жилийн хугацаанд тарих нэг модыг ургуулах зардал 18 мянган төгрөг байна. Тиймээс иргэд тус ажилд идэвх санаачлагатай оролцож, 18 мянган төгрөг хандивласнаар 3 жилийн дараа Ховд хот ногоон үүд хаалгатай болох бүрэн боломжтой гэж зохион байгуулагчид хэллээ.