“Ус ба тогтвортой хөгжил” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд 20 оюутан оролцжээ



Хар нуур Ховд голын сав газрын захиргааны санаачлагаар “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт  эрдэм шинжилгээ, онол практикийн  бага  хурлыг  зургаа дахь  жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү  хурал  Монгол орны усны нөөц, ашиглалт, чанар, байгаль орчны бохирдлыг  шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутан залуусын оролцоог  нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний үр дүнг  түгээн дэлгэрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэж байв.
Энэ удаагийн  хуралд  Ховд их сургууль, Хөгжил  политехник коллежийн 20 оюутан оролцож,  Усны ширгэлт  ба бохирдолтоос хамгаалах энгийн аргууд , Ундны усны чанар, эрүүл ахуй,  ХИС-ийн багш оюутнуудын цэвэр усны хангамж, хүртээмж, чанарын асуудал,  Дөрвийн газрын төмсний өвчин,  хортны судалгааны дүн зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тус сав газрын захиргаа нь  эдгээр илтгэл, судалгааны  үр дүнг  түшиглэн  усны чиглэлээр тодорхой ажлуудыг  төлөвлөж,  цаашид  үе шаттайгаар  хэрэгжүүлэх  аж.



Хар нуур-Ховд голын сав газар нь усны нөөцийг  хомсдох, бохирдлоос хамгаалах, боломжит  нөөцийг  зүй зохистой ашиглах,  нөхөн сэргээх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг  хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд цэвэр усны асуудлыг шийдвэрлэхэд байгууллагын үүрэг оролцооноос гадна ард иргэд, оюутан залуусын оролцоо чухал. Тиймээс энэхүү хурлыг  уламжлалын дагуу зохион байгуулсан  гэж  албаныхан мэдээллээ.  Мөн өнгөрсөн  хугацаанд  уг хуралд 100 гаруй оюутан залуус  оролцож,  илтгэл хэлэлцүүлж байжээ.  Энэ удаагийн онол практикийн бага хурлыг Хар нуур-Ховд голын сав газар, Ховд их сургууль, Голомт банкны Ховд дахь салбар хамтран  зохион байгуулснаараа онцлог байв. 
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ