Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Ховд аймгийн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооноос
"Khovd-Standup Comedy" тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуус, иргэдийн төлөөлөл 20 орчим хүн оролцсоноос хамгийн бага нь 10 настай буюу тавдугаар ангийн сурагч байлаа. Мөн хамгийн ахмад настай оролцогч нь 67 настай байв.
Тус тэмцээнийг 4-5 минутын, 3 минутын, 1 минутын үзүүлбэр гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулж, оролцогчид ганцаарчилсан ба хамтлагаар хошин шог, онигоо, сонирхолтой түүх, монолог ярьж, үзэгчдийг хөгжөөж, өрсөлдсөн юм.
Тэмцээний нээлтэд Ховд аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Дэлгэрсайхан, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны тэргүүн М.Оюунчимэг нар оролцож, үг хэллээ. Энэ үеэр зохион байгуулагчид тэмцээний зорилго, ач холбогдлын талаар танилцуулсан ба орон нутгийн хүүхэд багачууд, оюутан залуус, иргэдэд үзэгчдийн өмнө хошин шог, онигоо ярьдаг
“Standup Comedy” урлагийг сурталчлан таниулах, гоо зүйн мэдлэг олгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ярианы ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг тэмцээнийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэлээ.
Тэмцээний тэргүүн байрт Жаргалант сумын Хайрхан багийн иргэн Ж.Пүрэвдорж шалгарав. Мөн дэд байрт Ховд их сургуулийн оюутан н.Даваажав, н.Батаа нар, гуравдугаар байрт оюутан Н.Буянбат, тусгай байрт оюутан н.Эрболд, Жаргалант сумын бичигт багийн иргэн Б.Бямбацогт нар тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа. Түүнчлэн тэмцээний хамгийн бага ба ахмад настай оролцогчдыг шагнаж урамшуулав.
ВИДЕО: