Жил бүрийн 3-р сарын 30-ны өдрийг дэлхий нийтээрээ
“Эмч нарын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг угтан, өнөөдөр БОЭТ-ийн захиргаанаас эмч нарт хүндэтгэл үзүүлж, баярын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын Нутгийн Удирдлага, бодлого зохицуулалтын дарга Ш.Батсүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох болон үе үеийн ахмадууд, эмч нар оролцов.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж буй Дотрын тасгийн их эмч Б.Уранчимэг, Эмгэг судлалын их эмч Д.Баярмандал нарыг аймгийн Засаг даргын
"ЖУУХ БИЧИГ"-ээр, Нярайн их эмч Ц.Солонго, Ц.Доржханд, Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэх тасгийн их эмч Б.Анхбаяр нарыг аймгийн Засаг даргын
"ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-өөр шагнаж урамшуулав.
Өнөөдрийн байдлаар Ховд аймагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн 73 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт нийтдээ 1244 гаруй эмч, мэргэжилтнүүд ажиллаж байгаа бол БОЭТ нь 418 эмч мэргэжилтэнтэй үүний 115 нь их эмч мэргэжилтэй боловсон хүчин байгаа юм. Эдгээр эмч нарын 95 хувь нь төрөлжсөн нарийн мэргэжилтэй, 2 доктор, 3 доктрантур, 11 магистр, 12 магистрантур эмч ажиллаж аймгийнхаа 88600 иргэнээс гадна баруун бүс нутгийн хүн ардад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж буй энэ хамт олон төрөөс эрүүл мэндийн салбарт баримтлах бодлого чиглэл зорилтын хүрээнд аймаг, орон нутгаас
“Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ хөтөлбөр”, “Эрүүл мэндийг эрсдлийг бууруулах хөтөлбөр”, “Үйлчлүүлэгчид ээлтэй орчин хөтөлбөр”-үүдийг амжилттай хэрэгжүүлж байна.