АНУ-ын Элчин сайдын яам, Америкт төгсөгчдийн холбоо хамтран “Мэргэжил зөв сонголт-гэрэлт ирээдүй” сэдэвт уулзалт зохион байгууллаа



АНУ-ын Элчин сайдын яам, Америкт төгсөгчдийн холбоо хамтран “Мэргэжил зөв сонголт-гэрэлт ирээдүй” сэдэвт уулзалт зохион байгуулж, АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл хийлээ. Уг уулзалтад Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Дөргөн, Эрдэнэбүрэн сумын сургуулийн төгсөх ангийн 200 гаруй сурагч оролцов. 


Энэ үеэр олон улсын харилцаа, хүний нөөц, сэтгэл судлал, санхүү, бизнес, нийтийн удирдлага зэрэг 8 мэргэжлээр АНУ-д суралцах боломжуудын талаар  танилцуулж, АНУ-ын Элчин сайдын яамны бүрэн тэтгэлэгт мэргэжил дээшлүүлэх нэг жилийн солилцоо “Хюберт Хамфри” хөтөлбөр, магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт Фулбрайтын оюутны хөтөлбөр, ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдад тус улсад бүрэн тэтгэлэгтэй нэг жил суралцах боломж олгодог Флекс хөтөлбөрүүдийн тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын явц, эссэ бичлэгт анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгсөн юм. 



Америкийн Соёл Мэдээллийн төв болон Ховд аймгийн Нийтийн номын сан нь хоёр орны найрамдалт харилцаа, хэл соёл, иргэдийн англи хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багш нарыг чадавхжуулах чиглэлээр 2007 оноос хойш 10 гаруй жил хамтын ажиллагаатай явж байгаа юм. Энэ хугацаанд ахлах ангийн сурагчдын хэлний мэдлэг дээшлүүлэх “Аccess” хөтөлбөр хэрэгжүүлж, 120 гаруй сурагч хамрагдсан байна. Одоогийн байдлаар “Аccess” хөтөлбөрт 31 сурагч хамрагдаж, англи хэлний мэдлэг эзэмшиж байгаа бол 2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгаас нэг сурагч АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаа гэлээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ