МУСГЗ М.Баянзулын нэрэмжит Ховд аймгийн нийтийн номын сангаас зарласан ном хандивлах аянд ХИС-ийн зөвлөх профессор М.Ганболд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдэж, боловсрол, шинжлэх ухаан, сэтгүүлзүйн салбарт 40 жил ажиллах хугацаандаа цуглуулсан хувийн номын сангаасаа дээжлэн ном хандивлалаа.
Профессор М.Ганболдын хандивласан 100 номын дотор Олон улсын Монгол судлалын холбооны эрдэм шинжилгээний сэтгүүлүүд, Шинжааний Монголчуудын гаргасан Ойрад судлалын боть номууд, Хөх нуурын Монголчуудын үлгэр домог, Монгол ардын журамт цэргийн дуртгалуудын 3 боть зэрэг Монгол, Орос, Англи, Герман хэлээр болон Худам монгол бичгээр бичигдсэн бүтээлүүд зонхилж байна. Түүний хувьд ном хандивлаж буй нь анхных биш бөгөөд хамгийн анх 2017 онд ХИС-ийн Түүх, нийгмийн ухааны тэнхимд 30 орчим , 2018 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаанхус багийн Шүвтэрийн бага сургуульд уран зохиолын 30 гаруй ном, Дуут сумын соёлын төв, дунд сургуульд тууль судлалын чиглэлийн номууд тус тус хандивлаж байжээ. Мөн ирэх 4 сарын 18-нд Дуут сумын ЕБС-д түүх соёл, боловсрол судлал мэргэжлийн 60 гаруй ном хандивлахаар төлөвлөж байгаа гэдгээ энэ үеэр хэллээ. Түүхийн ухааны доктор, профессор М.Ганболд нь оюутан ахуй цагаасаа ном унших, цуглуулах сонирхолтой байсан бөгөөд одоогийн байдлаар өөрийн номын сандаа 4000 гаруй номын цуглуулгатай аж.
Ховд их сургуулийн олон нийт маркетинг хариуцсан мэргэжилтэн Б.Сарангэрэл