Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль хамтран ахлах ангийн нийгмийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, багш нарын бүтээлч үйл ажиллагаанд дэмждэг үзүүлэх зорилгоор Аравдугаар ангийн сурагчдын дунд “Нийгмийн ухааны анги нийтийн олимпиад”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.
Тус олимпиадад Ховд аймгийн 17 сумын ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн 55 бүлгийн 1306 сурагч оролцож, нэг, хоёрдугаар улиралд нийгмийн ухаан болон түүхийн чиглэлээр эзэмшсэн мэдлэг, ур чадварынхаа хүрээнд 80 минутын хугацаанд тест хийж гүйцэтгэж байна. Энэхүү олимпиадыг ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ухааны 20 гаруй багш авч байгаа бөгөөд сурагчдын шалгалтын явцыг цахимаар давхар хянаж байна. Мөн багш нар цахим технологи буюу “omr evaluab or” гар утасны программ ашиглан материалыг засаж, нэгдсэн дүнг гаргах юм.
Ховд аймгийн боловсролын салбар байгууллагууд хүүхэд нэг бүрийн бүтээлч сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, нээн илрүүлэх, сургалтын арга зүйг сайжруулах, сурагчдын сурлагын түвшинг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын суурь хичээлүүдийн хүрээнд олимпиад, уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь аравдугаар ангийн сурагчдын дунд Нийгмийн ухааны анги нийтийн олимпиадыг хоёр дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Олимпиадын нээлтэд аймгийн БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж, Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирал н.Барсболд нар оролцож, сурагчдад амжилт хүслээ.