02-р сарын 27 ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан зохион байгуулж, таван асуудал хэлэлцлээ. Хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудалтай холбогдуулан тус хуралд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан,
“ЭВИЙН ХҮЧ” хоршооны удирдах зөвлөлийн зарим гишүүд, Төрийн аудитын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын холбогдох албаныхан оролцлоо.
Улсын төсвийн 3,6 тэрбум, "ЭВИЙН ХҮЧ" хоршооны 400 гаруй гишүүдийн 1 тэрбум гаруй төгрөгөөр байгуулагдсан
“ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг ашиглалтад оруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар энэхүү хуралдаанаар хэлэлцсэн нь хамгийн чухал асуудлын нэг байлаа. Ард иргэдийн хүлээлт, нийгмийн захиалга байгаа учраас хурлын Тэргүүлэгчид, мэргэжлийн байгууллагуудын албан тушаалтнууд,
"ЭВИЙН ХҮЧ” хоршооны зарим төлөөллийг байлцуулан олон талаас нь ярилцаж зөвшилцсөний эцэст
“Ховд Эвийн хүч” ОНӨОААТҮГ-ыг байгуулах нь зүйтэй гэж үзэн холбогдох хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарган баталлаа.