Монгол улсад олон арван төрийн бодлого, төсөл хөтөлбөр батлагдсан ч тэдгээрээс хамгийн бодитой хэрэгжсэн нь “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр гэж үздэг.
УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ
“...УИХ шинээр ямар бүтээн байгуулалт хийх вэ гэж хайж явах бус нэгэнт батлагдсан бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ сэргээгээд, үргэлжлүүлээд хэрэгжүүлэх боломж бүрэн бий...2010 онд УИХ-аар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр” дуусаагүй, дүгнэгдээгүй орхигдсон. Санаачлагч, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн одоо үлдсэн бүтээн байгуулалтуудыг сэргээн хэрэгжүүлэх тал дээр идэвх санаачилгатай ажиллах байх гэж найдаж байна” хэмээн хэлж байв.
ВИДЕО:
Тэгвэл саяхан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын ахласан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын дарга нар багтсан байна.
Ажлын хэсэг санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганд танилцуулах бөгөөд улс орны хөгжлийг жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулах зорилго бүхий “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн биелэгдээгүй үлдсэн зорилтыг шуурхай хэрэгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх юм. Дашрамд дурдахад 2010 онд УИХ "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр баталж энэ хүрээнд хотод 80 мянга, 21 аймагт 25 мянган айлын орон сууц барих зорилт дэвшүүлж байв. Өнгөрсөн хугацаанд хот хөдөөд 100 мянган айлын орон сууц барих зорилт бүрэн хэрэгжиж, энэ онд Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймаг авто замаар холбогдсоноор бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилт бүрэн биелэх юм.
Өнгөрсөн 9 жилд орон сууц, авто замын томоохон төслүүд нь ийнхүү бүрэн хэрэгжсэн ч цогцоороо хэрэгжих учиртай хөтөлбөрийн зарим ажил нь орхигдож, дутуу хэрэгжсэнээс болж агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн билээ. Тиймээс “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг дахин эрчимжүүлэхэд энэхүү ажлын хэсгээс Засгийн газарт өгөх чиглэл томоохон түлхэц үзүүлэх ач холбогдолтой юм.