Монгол наадгайн тэмцээн зохион байгуулав



17-р жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулан Монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хөгжүүлэх, уламжлалт тоглоом, шагайн наадгайг ард иргэд, хүүхэд залууст таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын ажлын албанаас санаачлан Баатархайрхан багийн иргэн, “Өв аз жаргалын булаг” ХХК-ийн захирал Д.Чулуунбаатартай хамтран “Монгол наадгай-зан үйл соёлоо дээдлэе” теле нэвтрүүлэг, тэмцээнийг Засаг даргын Тамгын газрын Хүндэтгэлийн өргөөнөө зохион байгууллаа.
Уг тэмцээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаяр, Ю.Азамат, Д.Батхуяг, С.Лхагвасүрэн, Ч.Уранчимэг, Б.Нямсүрэн, Т.Дэлгэрсайхан, Б.Амаржаргал нар болон МУ-ын Гавьяат барилгачин Р.Сандуйжав, Р.Цэдэнбал, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Лхамжав нарын эрхмүүд “Адуучин”, “Үхэрчин”, “Тэмээчин” багт хуваагдан өрсөлдөв.  
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди “Даяаршлын эрин үед үндэсний соёл, зан заншлаа хамгаалах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үүргийг бид хүлээж байгаа. Тиймээс монгол наадгайг түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсэд ИТХ-ын ажлын алба, ялангуяа Ховд аймгийн гавьяатууд энэ тэмцээнд оролцож буйд талархаж байна. Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, эх оронч иргэнийг төлөвшүүлэхэд тэмцээний зорилго оршиж байна” гэж хэлсэн үгэндээ онцоллоо. 



Багууд цагаан сарын шүүс идээ бэлтгэх, засах, Монголын уламжлалт хэмжээс, сар шинийн овоон дээр мөргөх зан үйлийг танилцуулж, шамбалын хаалга, нарсүмбэр, бөгж гүйлгэх, шагайн харваа, эвлүүлдэг тоглоом, уяа зангилаа тайлах, дээс томох, унага тугалны ногт зангидах, малын сээр цохих зэрэг уламжлалт наадгайнуудаар өрсөлдсөн юм.
Шүүгчид тэмцээний дүнг нэгтгэхэд “Адуучин” баг 93 оноогоор тэргүүн байр, “Тэмээчин” баг 86 оноо, “Үхэрчин” баг 82 оноогоор удаах байруудад шалгарч, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Мөн “Өв аз жаргалын бэлэг” ХХК-ийн захирал Д.Чулуунбаатар хамтран зохион байгуулсан ИТХ-ын ажлын алба, оролцсон гавьяатууд, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, ИТХ-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн МУ-ын Гавьяат барилгачин Р.Сандуйжав, Р.Цэдэнбал, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Лхамжав нарт гарын бэлгээ гардуулан өгсөн юм. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ