Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолоор загас болон заарт харх барих, агнах хэмжээ, хуваарийг баталж, мэргэжлийн байгууллага, сумдын удирдлагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг даалгасан байна.
Амьтдын тоо толгойг сийрүүлж, сүргийн бүтцийг зохицуулах зорилгоор Хар-Ус нуур орчимд Мянгад, Дөргөн, Чандмань сум нийт 10 мянган загас, 30 мянган заарт харх агнах ажлыг энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах аж. Мөн барих загасны байгалийн нөөц ашигласны төлбөр |кг тутамд|-ийн дээд хязгаарыг 80 хувиар хөнгөлж, ан амьтан барих, агнах зөвшөөрлийн хураамжийг тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний дээд хязгаараар буюу 4 хувиар тооцохыг зөвшөөрсөн байна. Харин тухайн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар заарт харх агнахад төлбөрийн доод хязгаарыг 80 хувиар хөнгөлж, ан амьтныг барих, агнах зөвшөөрлийн хураамжийг тус амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний доод хязгаараар буюу 2 хувиар тооцохоор болжээ.
Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар Хар-Ус нуур нь 4 зүйлийн 390 тн загасны нөөцтэй, үүнээс жилд 40-60 тн-ийг ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тэгвэл заарт хархыг 1967 онд Хар-Ус нуурт нутагшуулсан бөгөөд тухайн орчиндоо багагүй хор хөнөөл учруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэж нутгийн иргэд хэллээ. Заарт харх нь нэг удаагийн төрөлтөөр 6-10 зулзага гаргана. Өнтэй жил 3-4 удаа зулзагалах ч бий. Хавар төрсөн зулзага намар нь үржилд ордог байна.
Н.Лхагва