Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж, нийт үзлэгийн 10 гаруй хувийг эзэлж байна



Ховд аймагт сүүлийн үед амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Энэ оны 01 дүгээр сарын 07-14-ний өдрийн байдлаар  аймгийн хэмжээнд 5298 иргэн амбулаториор үзүүлснээс томуу, томуу төст өвчний 575 тохиолдол оношлогджээ. Энэ нь амбулаторийн нийт үзлэгийн 10,8 хувийг эзэлж байгаа бөгөөд  83,1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байна.
 
Харин Жаргалант сумын хэмжээнд энэ сарын 16-ны өдрийн байдлаар 1185 иргэнд амбулаториор үзүүлснээс томуу, томуу төст өвчний 180 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 15,1 хувийг эзэлж байна. Түргэн тусламжийн 49 дуудлага  бүртгэгдсэнээс 29 тохиолдол буюу 59 хувь нь томуу, томуу төст өвчний талаарх дуудлага байжээ. Үүнээс  амьсгалын замын хүнд халдвартай 81 тохиолдол байгаа бөгөөд вирусийн шинжилгээгээр риновирус, коронавирус, амьсгалын замын синцитиаль вирус, томуугийн HINI вирус  илэрсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт БОЭТ-ийн хүүхдийн тасагт дунджаар 70-80 хүүхэд хатгаатай гэж оношлогдсон бол өнөөдрийн байдлаар 49 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн насанд хүрэгчид ханиад тусч улмар хатгаа болон хүндрэх тохиолдол нэмэгдэж төв эмнэлгийн зарим тасгуудын ачаалал ихэссэнээр орны тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн БОЭТ болон Өрхийн Эрүүл мэндийн төв, сумдын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөв.
Н.Лхагва 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ