Ховд аймгийн Сум дундын ойн анги нь ирэх хавар мод үржүүлгийн талбайд 20-30 мянган заг, шинэс, улиас, бургас, хус зэрэг 5 төрлийн модлог ургамлыг үржүүлж, тариалах зорилт тавин ажиллаж байна. Одоогийн байдлаар Буянт, Жаргалант сумын нутаг дэвсгэрээс улиасны таналт, тайралт хийх журмаар хавар тариалах 5000 улиасны модлог мөчрийг бэлтгэж, суулгацаа зооринд хийж, цаасаар дарж хадгалсан байна. Аймгийн Сум дундын ойн анги өнгөрсөн 2018 онд 20 мянга орчим улиасны модлог мөчрийг мод үржүүлгийн талбайд тарьж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 20 га талбайд ойн зурвасын ажил хийжээ. Түүнчлэн Ховд аймаг заган ой бүхий 9 сумтай бөгөөд заган ойн нийт талбай нь 783,7 га газар бөгөөд энэ нь аймгийн нутаг дэвсгэрийн 10,5 хувийг эзэлдэг байна. Монгол Улсын хэмжээнд заган ойтой 6 аймаг байдгаас Ховд аймаг заган ойн талбайн хэмжээгээр 3 дугаарт ордог байна. Аймгийн хэмжээнд ой модыг насны бүлгээр нь авч үзвэл залуу насны ой мод 7 хувь, дунд насны заган ой 15 хувь, болц гүйцэж яваа ой 9 хувь, болц гүйцсэн хөгшин ой мод 69 хувь байгаа аж.