Бэлчээрийн менежментийг дэмжих ажлын хэсгүүдийн уулзалт, зөвлөгөөн болов



Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Бэлчээрийн Менежментийн ажлын хэсэг хамтран аймгийн бэлчээрийн менежментийн урт хугацааны хөтөлбөр, бэлчээрийг хариуцлагажуулах журмыг хэлэлцэх зорилгоор “Бэлчээрийн менежментийг дэмжих ажлын хэсгүүдийн уулзалт, зөвлөгөөн”-ийг “Эрүүл бэлчээр-Эрүүл мал”-хангалуун амьдралын баталгаа сэдвийн хүрээнд зохион байгуулав. Тус зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд, Бэлчээрийн Менежментийн ажлын хэсгийн гишүүд, 17 сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн, сумдын Газрын даамал, Байгаль орчны байцаагч, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, санал солилцлоо.



Зөвлөгөөний хүрээнд Ховд аймгийн 2018 оны бэлчээрийн төлөв байдал, доройтол, нөхөн сэргэх чадвар, орон нутагт малчин төвтэй бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын явц, үр дүн, бэлчээр ашиглалтын гэрээ, хэрэгжилт, сайн туршлага, цаг агаарын төлөв байдлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийв. 



Мөн “Бэлчээр” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам” болон Ховд аймгийн малын эрүүл мэндийн байдал, малын эрүүл мэндийн мөшгих тогтолцоог Чандмань, Дуут, Мөнххайрхан суманд хэрэгжүүлж байгаа сайн туршлага, үр дүн, Малын бүртгэл мэдээллийн сан ба түүхий эдийн чанарыг мөшгих цахим систем, цаг агаарын болон бэлчээрийн мэдээллийг мессежээр авах үйлчилгээ, Ховд аймгийн 7 суманд бэлчээрийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн ажлын үр дүн, Арьс ширний бэлтгэлийн чанар, зах зээлийн эрэлт хэрэгцээ, малын түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн талаар ярилцлаа. 



Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчид “Бэлчээр” хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн менежмент, мал, амьтны менежмент, хамтын ажиллагаа, бэлчээрийг хариуцлагажуулах, малчдын орлого нэмэгдүүлэх гэсэн 5 чиглэлээр хэлэлцүүлэг хийж, санал дүгнэлт гаргав.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ