Монгол Улсын Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Д.Батчулууны сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн боллоо



ХИС түүхт 40 жилийн ойн баяраа угтан томоохон ажлуудыг эхлүүлээд байгаа. Үүний нэг нь эрдэмтэн багш нарын цуврал бүтээлийн үзэсгэлэн юм. Энэ сарын 20-ны өдөр дөрөв дэх буюу Монгол Улсын Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Харуулчин овгийн Дагдангийн Батчулууны сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг үр хүүхэд, хамаатан садан, эрхэм шавь нар, мөр зэрэгцэн ажиллаж байсан эрдэмтэн багш нарын талархлын үг, дурсамжит яриан дор өргөн дэлгэр зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд МУГБ Д.Батчулууны өдийг хүртэл бүтээж, туурвисан сургалт, эрдэм шинжилгээний бүтээлүүд, хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл, нийтлэлүүд, фото зургууд, ном сурах бичиг гарын авлагууд болон гар бичмэлүүд дэлгэгдсэн байв.



Монгол Улсын Гавьяат багш Д.Батчулууны бүтээлийн үзэсгэлэнд үе үеийн шавь нар, аймаг орон нутгийн төлөөлөл, үр хүүхэд, мөр зэрэгцэн ажиллаж явсан багш нар хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр ХИС-ийн ЭШХАА-ны захирлын үүрэг гүйцэтгэгч В.Сайнбаяр, ГХСС-ын тэнхимийн эрхлэгч Н.Цагаанчулуун, Хэл уран зохиолын тэнхимийн багш Б.Даваадорж, Түүх, нийгэм судлалын тэнхимийн эрхлэгч Ч.Мөнхбаяр, НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэн болон аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар үг хэлсэн юм. Мөн энэ үеэр түүний гадаадад ажиллаж амьдарч буй шавь нар, гадаад найз нөхөд нь мэндчилгээ дэвшүүллээ. Тэдний хувьд Д.Батчулуун багшид чин сэтгэлээсээ талархаж, түүнийг хүндэлж явдагаа илэрхийлэв.


Монгол Улсын Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Д.Батчулуун нь Хэл шинжлэл, нийгмийн хэл шинжлэл, сэтгэц хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэл, боловсрол судлалын чиглэлээр ажиллаж нийт 150 орчим бүтээл хэвлүүлжээ. Үүний дотор 28 нэг сэдэвт зохиол, ном , сурах бичиг, 120 эрдэм шинжилгээний өгүүлэл, 5 эрдэм шинжилгээний хамтарсан төсөл гэх мэт бүтээлүүд багтаж байна.

Тэрээр 1989 онд хавсарга хэл шинжлэлээр “БНМАУ-ын ерөнхий боловсролын 8 жилийн сургуульд оросоор сонсгон ойлгуулж сургах нь” сэдвээр ОХУ-ын дэд эрдэмтний зэрэг хамгаалж, 2007 онд ХИС-ийн эрдмийн зөвлөлийн тогтоолоор профессор цол хүртсэн. Харин 1982 онд олон улсын Орос хэл, утга зохиолын багш нарын холбооны дээд шагнал А.С.Пушкины “Алтан медаль” , 1988 онд “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, 1988 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль” , 1999 онд “Монгол улсын гавьяат багш” цолыг тус тус хүртсэн шилдэг сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ