Хүчтэй салхины улмаас Увс аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн ”Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК-ийн хариуцдаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кВ-ын 9, 220 кВ-ын 4, нийт 13 төмөр тулгуур багана унасан. Үүний улмаас Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6, Увс аймгийн 20, Ховд аймгийн 13, нийт 4 аймгийн 52 суманд 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07:30 цагаас цахилгаан эрчим хүч тасалдаад байна. Сэргээн засварлах ажлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, түүний салбар нэгжийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэй гүйцэтгэн ажиллаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлсэнээр халаалт дулааныг доголдуулахгүй байх үүднээс Дөргөний Усан цахилгаан станцаас Ховд, Баян-Өлгий аймгийн төв болон зарим сумдыг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Зарим сумдын дулаанаар хангах төвүүд нөөц үүсгүүрээр ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж өндөржүүлсэн байдал зарлан дулааны 2 станцын үйл ажиллагааг доголдуулахгүй байхад анхаарах үүднээс хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна. Мөн Дөргөний УЦСтанцын инженер техникийн ажилчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дөргөн суманд ажиллах үеэрээ Дөргөний УЦС-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсээд буй эрчим хүчний тасалдлыг зөв зохицуулж, Ховд аймгийн төв болон сумууд, Увс, Баян-Өлгий аймгуудын дулааны эх үүсвэрийг доголдуулахгүй ажиллах, гэмтлийг бүрэн засварлаж хэвийн үйл ажиллагаанд орох хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд, сонор сэрэмжтэй, хариуцлагатай ажиллахыг тус станцын инженер, техникийн ажилтнуудад үүрэг болгож, ажлын амжилт хүслээ. Огноо: 11/26/2018 Төрөл: Аймгийн ИТХ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2176 Мэдээ таалагдсан: