Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор
“Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Ховд аймгийн хувьд 5 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол улс тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлан тунхагласан энэ өдөр зохион байгуулсан тус үйл ажиллагаанд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Пүрэвганди, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг нар нээж үг хэллээ.
Энэ жил Ховд аймгийн 1024 хүүхэд 16 нас хүрч байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болсон Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургууль, Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн Лицей ахлах сургуулиудын 70 гаруй сурагчид энэ өдөр Иргэний андгай өргөж Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авлаа. Тэдний хувьд эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулах иргэн болж, түүнийгээ батлах Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч байгаадаа баяртай байв.
Энэ үеэр
“Монгол улсын тусгаар тогтнол түүний үнэ цэнэ” сэдвээр Ховд их сургуулийн Түүх нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор дэд Профессор Ч.Мөнхбаяр лекц уншлаа. Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Ахмадын хорооны дарга, Зөвлөх багш Г.Сонин өсвөр үе,залуучуудын төлөөлөл болсон иргэний андгай өргөх ёслолд оролцож байгаа хүүхдүүддээ хандан сургамж үг хэлж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.