УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд түрүүлж "ОЮУНЛАГ ТҮШЭЭ" - ээр шалгарлаа.

Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Б.Саранчимэг, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНМАУ-ын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын дарга Р.Гончигдорж, мөн Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Үндэсний бөхийн барилдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. 

Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд оролцож буйгаа онцлог аж. Тус барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагваулсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглов.

Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн болж түрүүлсэн оролцогч нарт Улсын Их Хурлын дарга М.Энхболд өргөмжлөл, медаль гардуулж баяр хүргэсэн юм.

Тэмцээнд нийт эрэгтэй 91 шатарчин оролцож, Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн болов. Харин эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Мөн энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн нар “Оюунлаг түшээ”-гээр тодорсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор шалгарсан 66 настай Б.Дүүрэнбаяр нарт өргөмжлөл гардуулж, баяр хүргэлээ.



Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсаны түүхт 26 жилийн ойн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, Алдар СХ, БХИС, Увснуур дэвжээний бөх улсын шинэ гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Булган аймгийн Могод сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат үзүүрлэв.

Үндсэн хуулийн 26 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн болон их шөвөгт шалгарсан бөхчүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд бай шагнал гардуулж баяр хүргэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ