“Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаангом хотноо зохион байгуулагдсан юм. Зөвлөгөөний үеэр Малын генетик нөөцийн тухай болон мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт, хил дамнасан малын хулгайг таслан зогсооход Монгол улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хууль хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоо, иргэд, ААН, малчдын бүлэгтэй хамтран ажиллах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, анхаарах асуудлын талаар Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ-ын төлөөллүүд илтгэл тавьсан байна.
Ховд, Завхан, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын дарга нар өөрийн аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна. Ховд аймагт энэ оны 10 дугаар сарын байдлаар Мал хулгайлах гэмт хэрэг 22 үйлдэгдсэн нь нийт гарсан гэмт хэргийн 27,1% эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг 2017 оныхтой харьцуулахад 23 хэргээр буюу 51%- иар буурсан үзүүлэлттэй байна.