УИХ-ын гишүүн О.Батнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэж байгаа асуудлуудтай холбоотой таны хувьд ямар асуудлууд дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна вэ?
- За хамгийн сүүлд гэвэл “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Хуучнаараа тэтгэврээ дараалсан 5 жилийн дунджаар тогтоолгон, 36 сарын тэтгэмж авч тэтгэвэрт гарах эрх зүйн орчин бүрдсэн байгаа.Өөрөөр хэлбэл, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд 2018 оны 2-р сард орсон өөрчлөлтөөр тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг дараалсан 5 жилийн дунджаар тооцдог байсныг 7 жилийн дунджаар тооцохоор болсон. Энэ өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байсан. Тухайлбал, ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр, офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр, ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурч байгаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр хуулийн төсөл санаачлан, УИХ-аар хэлэлцүүлсний үндсэн дээр хууль батлагдлаа. Энэ бол цэргийн алба хаагчдад нэн шаардлагатай байсан чухал шийдвэрүүдийн нэг юм.
-Сүүлийн үед валютийн үнийн өсөлтийг дагаад бинзен шатахууны үнэ өсч, цаашлаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна. УИХ-ын чуулган дээр таны хувьд бас энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа нь харагдаж байсан. Цаашид төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэрхэн яаж зохицуулах нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Төрөөс мөнгөний талаар 2019 онд баримтлах бодлогыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Долларын ханш чангарч, төгрөг үнэгүйдэж байгаа тал дээр нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байна. Тухайлбал, Төв банкнаас ам.долларын интервенц хиймээр байна. Тийм боломж, гадаадын валютын нөөцтэй болчихсон байна. Долларын интервенц хийж, зэрэгцээд Монгол улсад ямар ч гүйлгээ, төлбөр тооцоог ам.доллараар хийхийг хатуу хориглох, банкууд дахь чанаргүй зээлийг багасгах гэх зэрэг бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлбэл үндэсний валют болох төгрөгийн ханш чангарах боломжтой. Энд олон мянган хүний эрх ашиг яригдаж байна, валютын ханшаа дагаад өргөн хэрэглэгээний барааны үнэ өсөөд эхэлчихлээ.
-Иргэдийн бас нэгэн чих тавин хүлээж байдаг асуудал бол хүүхдийн мөнгө юм. УИХ-ын нэгдсэн чуулганы 2018 оны 10 сарын 19 –ны өдрийн хурлаар хүссэн хүүхэд бүрт хүүхдийг мөнгийг өгөхөөр боллоо. Энэ хүрээнд нийт хичнээн төгрөгийн санхүүжилт орж байгаа вэ?
-Тиймээ, ХҮССЭН ХҮҮХЭД БҮРТ олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг миний бие нэр бүхий зарим гишүүдийн хамтаар өргөн барьж тогтоолын төслийг батлууллаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228,000 хүүхэд нэмэгдэж 41 тэрбум төгрөг, харин нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342,000 хүүхэд нэмэгдэж 61 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо гарч байна. Нийт хүүхдийн 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй байна. Иймд хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд өгөх саналтайгаар тогтоолын төслийг боловсруулсан.
-Танд бас зарим иргэдийн нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Юу гэхээр та өнгөрсөн өвөл тойргийн сумдаар ажиллах үеэрээ тойргийн иргэдээс гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулинд тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийн ял шийтгэл олгохтой холбоотой асуудалд өөрчлөлт оруулж чадсан. Энэ хүрээнд насанд хүрээгүй олон хүүхэд хүүхдийн зүйл заалтын ялгаатай байдлаас үүдэн хохирох тохиолдол их байлаа шүү дээ. Хуулийн хэр ахицтай явж байгаа вэ?
-Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хорихоос өөр ял оногдуулах боломжийг нээсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлт 7-р сарын 5-аас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэсэн.УИХ-ын гишүүдийн хувьд хуулийг батлуулах үүрэгтэй. Харин хэрэгжүүлэх асуудал нь шүүхийн шатанд шийддэг буюу нэг үгээр бол прокурор, шүүхийн мэдлийн асуудал гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хуулийн өөрлөлтөнд баяртай байгаагаа олон эцэг эхчүүдийн төлөөлөл илэрхийлээд байгаа. Харин зарим иргэдийн хувьд хуулийн хэрэгжилт шууд мөрдөгдөхгүй байгаад надад хандаж нэлээдгүй санал хүсэлт ирүүлсэн байсан. Хууль батлагдсан учраас мөрдөх, хэрэгжих арга зам нь биднээс хараат бус байдаг гэдгийг энэ бас дахин хэлмээр байна.
-2019 оны төсөв хэлэлцэж байгаа. Төсвийн урьдчилсан төлөв байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ирэх 2019 онд 1,913.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төсөв орж ирсэн. Төсвийн алдагдлаа сайн бууруулсан төсөв орж ирсэн нь сайшаалтай байгаа. Энэ УИХ 2016 оны төсвийн тодотголыг 4,346.1 тэрбум төгрөг, 2017 оны төсвийг 2,711.5 тэрбум төгрөг, 2018 оны төсвийг 2,420.1 тэрбум төгрөгийн алдагдалтайгаар баталж байна. Энэ нь төсвийн сахилга бат сайжирч байгаа хэрэг гэж үзэж байна. Гэхдээ төсвийн алдагдлыг багасгах өөр боломжууд бий. Тухайлбал татаас авч, үйл ажиллагаа явуулж байгаа төрийн мэдлийн аж ахуйн нэгжийг хувьчлах, бондын мөнгөнөөс зээл авсан компаниудаар нь бондын төлөлтийг хийлгэх тал дээр дутуу ажилласан байна уу гэж харж байна. Нэг үеэ бодвол төсвийн хүндрэлээсээ гарчихсан, эдийн засгийн өсөлт ажиглагдаад эхэлчихсэн байгаа тул жижиг дунд бизнесүүдээ дэмжих, ялангуяа хөдөө орон нутагт ажлын байр бий болгох тал дээр зоригтой хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай санхүүжилтийг олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.