Монгол улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 55 хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57,1 хувь нь 15-34 насны залуучууд байна гэсэн статистик мэдээлэл бий. Иймээс Залуучуудын амьдралд тулгамдаж байгаа асуудлыг салбар бүрээр нь судалж тоо баримт судалгаанд үндэслэсэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Монголын залуучуудын холбоотой хамтран 2 дахь жилдээ Залуучууд судлал эрдэм шинжилгээний бага хурлыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, Ховд их сургууль хамтран “Тогтвортой хөгжил ба залуучууд” эрдэм шинжилгээний бага хурлыг орон нутгийн түвшинд зохион байгуулж байна. Орон нутгийн залуучуудын эрх зүйн байдалд дүн шинжилгээ хийх, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын талаар тулгамдаж буй асуудлыг хөндөн тавьж, хэлэлцэн дүгнэж, дуу хоолойгоо төр засгийн удирдлагад хүргэн, хэрэгжүүлэхэд энэхүү хурлын зорилго чиглэгджээ.
ВИДЕО:
Орон нутгийн залуучуудын байдалд дүн шинжилгээ хийх, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын талаар тулгамдаж буй асуудлыг хөндөн хэлэлцэн дүгнэж, дуу хоолойгоо төр засгийн бодлого боловсуулагчдад хүргэх зорилго бүхий тус хуралд Ховд аймгийн их дээд сургууль, коллежед суралцдаг 20 гаруй залуу судлаачид, оюутан залуус өөрсдийн боловсруулсан бүтээлээрээ өрсөлдөж төр засгийн явуулж байгаа бодлого төлөвлөлт, орон нутгийн залуусын өнөөгийн байдлын талаар асуудал дэвшүүлсэн сонирхолтой илтгэлүүдийг тавьж оролцов. “Тогтвортой хөгжил ба залуучууд 2018” Эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр ГБХЗХГ-ын залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо, ХоИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн захирал доктор Ц.Ичинхорлоо, ХоИС-ийн Боловсрол судлал, аргазүйн тэнхимийн багш доктор Г.Нямдаваа нар ажилласан бөгөөд тэргүүн байрт ХоИС-ийн Бизнесийн удирдлагын 2-р курсын оюутан Г.Ууганзаяагийн “Ховд Их Сургуулийн орчин дахь зөв хооллолт”, дэд байрт ХоИС-ийн Нийгмийн ажилтны 3-р курсын оюутан П.Нямгэрэлийн “Оюутнуудын эрэлт хэрэгцээний судалгаа”, гутгаар байрт ХоИС-ийн Багш Нийгмийн Ухааны 3-р курсын оюутан С.Батбаярын “Залуучуудын гэр бүл төлөвлөлт” илтгэлүүд тус тус шалгарч мөнгөн шагналын эзэд болжээ.