Тус уулзалтын үеэр проф Ч.Лхагвасүрэн
“Баруун бүсийн байгаль, нийгэм, эдийн засгийн судалгаанд оруулсан хувь нэмэр” сэдвээр илтгэл тавьж, өнөөг хүртэл хийсэн судалгаа, шинжилгээний ажлуудаа танилцуулсан юм. Уулзалтад ХИС-ийн удирдлагууд, тэнхимийн багш ажилчид, оюутнууд, болон Ч.Лхагвасүрэн профессортой олон жил ажил, амьдралаараа холбогдож яваа судлаачид, найз нөхөд болон шавь нарын төлөөллүүд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ. Түүний хувьд баруун Монголын байгалийн нөхцөл, нөөцийг судлах хээрийн судалгааны экспедицид олон жил судлаач , эрдэм шинжилгээний зохицуулагч, төслийн эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллаж үр дүнгээр нь гадаад дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд 100 гаруй өгүүллэг монгол, орос, англи хэл дээр хэвлэн нийтлүүлж, ОХУ, БНХАУ, Герман, Японд болсон олон улсын хуралд 40 орчим илтгэл хэлэлцүүлсэн байна.
Үүнээс гадна
“Эксперимент –Увс нуур” ОУ-ын биосперийн судалгаанд оролцогч, Оросын газарзүйн нийгэмлэгийн Алтайн салбарын
“Известия” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, Алтайн техникийн их сургуулийн аялал жуулчлалын
“ЭСТК” олон улсын сэтгүүл, Бийскийн боловсролын академийн
“Алтай и экология” зэрэг сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг монголдоо төдийгүй олон улсад хүндтэй, туршлагатай судлаач, эрдэмтэн хүн юм.
Проф Ч.Лхагвасүрэн Увс нуурыг “Дэлхийн байгалийн өв”-д ,Хар-Ус нуурыг байгалийн цогцолборт газарт, Мөнххайрхан, Мянган Угалзатын нурууг байгалийн цогцолборт газарт бүртгүүлэх, Алтан Хөхий уулыг Төрийн тахилгат уул болгох үндэслэлийг боловсруулж байжээ. Өдгөө түүний бичиж, туурвисан нэг сэдэвт бүтээл, ном сурах бичиг гарын авлага, редактор хийсэн бүтээл, редактор хийсэн гадаадын мэргэжлийн сэтгүүл, дотоодын ЭШ-ны өгүүлэл, гадаадын ЭШ-ны өгүүлэл , патент, олон улсын чанартай сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллэг зэрэг 200 гаруй бүтээл үе үеийн шавь нарынх нь оюунд үнэтэй хөрөнгө оруулалт болсоор байна гэж Ховд их сургуулиас мэдээллээ.