Хөдөлмөрийн дээд сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит, Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль,коллежийн оюутны
"Универсиад-2018" спорт, урлагийн уламжлалт XXI их наадам есдүгээр сарын 20-23-нд Улаангом хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд ХИС-ийн баг тамирчид амжилттай оролцож, 92 оноогоор тэргүүн байр эзэлж 5 дахь удаагаа
“Шилжин явах цом”-ын эзэн болсон бөгөөд
"Универсиад-2018" их наадмын шилжин явах цом, өргөмжлөлийг ХИС-ийн НХУС-ийн захирал доктор,проф Ц.Пүрэвсүрэн, ОУХМ, багийн ахлах дасгалжуулагч Д.Баярболд нарт гардуулан өглөө.
Бүсийн оюутны спорт, урлагийн их наадамд МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУБИС Архангай аймаг дахь багшийн сургууль болон БНХАУ-ын Күнзийн институтийн 300 гаруй төлөөлөгч оролцож, хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорьсон юм. НХУС-ийн захирал, доктор, проф Ц.Пүрэвсүрэнгээр удирдуулсан, ОУХМ, ахлах дасгалжуулагч Д.Баярболд, МУСТА, Ховд их сургуулийн дотуур байрны багш Ч. Ваша, Бизнесийн тэнхимийн багш Б.Наранцэцэг, МУСМ Ч.Түвшинсайхан тэргүүтэй ХИС-ийн баг тамирчид сургуулийнхаа нэрийг өндөрт өргөлөө. Үндэсний бөхийн төрөлд Б.Батзориг V-р байр, ширээний теннисний төрөлд О.Эрдэнэхишиг I , Ц.Отгонзул II-р байр, Шатар /эм/ Э. Болор-Эрдэнэ II-р байр , Шатар /эр/ О.Түвшинтөр I-р байр эзэлсэн бол модон бөмбөг /эр/ Э.Хатансайхан I-р байр, Ё.Чойжил II-р байр, модон бөмбөг /эм/ Б.Дуламханд I-р байр, О.Эрдэнэхишиг II-р байрыг тус тус эзэлжээ. Мөн ХИС-ийн сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид I-р байр, эрэгтэй баг тамирчид II-р байр эзэлсэн байна. Харин урлагийн төрөлд гоцлол бүжгээр Б.Отгончимэг III-р байр, Бие биелгээний төрөлд Б.Даваажав II-р байр, Язгуур урлагийн төрөлд П.Нэмэхбуян II-р байр, “Оюутан мисс” төрөлд Б.Отгончимэг I-р байр, оюутны эрдэм шинжилгээний хурлын төрөлд Б.Энхцэцэг тэргүүн байр эзэлжээ.
Универсиад оюутны спорт, урлагийн их наадам нь баруун бүсийн их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг оюутан багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой юм. Харин энэ удаагийн универсиад их наадамд баруун бүсийн их дээд сургуулиудаас гадна зүүн бүсийн их сургуулиуд оролцсоноороо онцлогтой байлаа. Наадмын хаалтын үйл ажиллагааны үеэр баруун бүсийн оюутны спортын холбооны ерөнхийлөгч М.Банзаагаяа, Увс аймгийн хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ц.Лумжав нар “Универсиад-2019” XXII их наадмыг зохион байгуулах эрх бүхий тугийг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал Ж.Хиналганд гардуулан өгсөн юм гэж Ховд их сургуулиас мэдээллээ.