Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор сум, багийн иргэд, малчдын бүлэг, орон нутгийн аж ахуйн нэгжүүд энэ оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хадлан бэлтгэж байна. Тэгвэл аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх 09 дүгээр сарын 06-ны өдөр хадлангийн гол бүс нутгийн нэг болох Буянт суманд ажиллаж, орон нутгийн хадлан бэлтгэх ажлын явцтай танилцлаа. Буянт сум нь Нарийн гол, Цагаан бургас, Наранхайрхан, Цагаан эрэг, Норжин хайрхан гэсэн таван багтай. Баг тус бүрт 8-10 хүний бүрэлдэхүүнтэй 4-5 бригад, малчдын бүлэг хадлан бэлтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Буянт сумын хадлан бэлтгэх ажил 50 хувьтай явагдаж байна.
Тухайлбал, Нарийн гол баг 15 тн хадлан, 0.3 тн гар тэжээл, 3.0 тн хужир шүү, Цагаан бургас баг 12 тн хадлан, 0.2 тн гар тэжээл, 4.0 тн хужир шүү, Наранхайрхан баг 8 тн хадлан, 0.5 тн гар тэжээл, 1.5 тн хужир шүү, Цагаан эрэг баг 7 тн хадлан, 0.2 тн гар тэжээл, 1.5 тн хужир шүү, Норжинхайрхан баг 11 тн хадлан, 0.6 тн гар тэжээл, 1 тн хужир шүү, нийт 53 тн хадлан, 1.8 тн гар тэжээл, 11 тн хужир шүү бэлтгэжээ
Хадлангийн талбайн өвсний гарц өмнөх оныхоос 20 хувиар бага байна
Буянт сумын өвсний нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг Нарийн гол багийн хувьд хадлангийн талбайн 90 хувьд ус их байгаа нь хадлан бэлтгэх ажилд муугаар нөлөөлж байгаа тухай хадланчид ярьж байна. Тухайлбал, “Уйлгант” хэмээх газрын хадлангийн талбайн 50 хувь нь устай байна. Мөн “Талын дэрс”,”Байшингийн тохой” гэдэг газруудад ус их байгаа учраас талбайн 10 хувьд хадлан бэлтгэж байгаа ажээ. Ингэснээр 1000 боодол /пресс/ өвс авдаг хадлангийн талбайгаас 100 боодол /пресс/ өвс авч, өвсний гарц өмнөх оныхоос 20 хувиар бага байна.
Түүнчлэн хадлан бэлтгэх ажилд орос техник, тоног төхөөрөмж ашиглаж байгаа бөгөөд хадуурын улан доор 4-5 см өвс үлдээж хаддаг байна. Хадлан бэлтгэсэн талбайн өвсний дахин ургалт сайн байгаа гэж хадланчид онцлон хэллээ.
Н.Лхагва