Жаргалант сумын нутагт буюу Цэргийн ангийн ойн бүсэд нутаглаж буй Буянт багийн малчин Б.А-ын хотонд малын гоц халдварт "Боом" өвчний шинж тэмдэг илэрч аймгийн мал эмнэлэг, ариун цэврийн лабораторын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 030040 шинжилгээний хариугаар батлагдсан байна. Тиймээс мал амьтны эрүүл мэндийн тухай Монгол улсын хуулийн 15-р зүйлийн 15.5.1 дэх заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай Монгол улсын хуулийн 29-р зүйлийн 29.1.3 "а" дахь заалтыг тус тус үндэслэн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/193 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Малын гоц халдварт "Боом" өвчинтэй тэмцэх, урдчилан сэргийлэх зорилгоор "Хатуу хөтөл"-ийн чиглэл "Малчны хороолол"-ын дээд талд, "Улаан богоч"-ийн рашаан "Бичигтийн хөтөл"-ийн чиглэл "Ойжуулалтын худаг"-ны хажууд, "Нисэхийн тор"-ны хойд талд 24 цагийн ажиллагаатай байнгын постыг ажиллуулж, Ховд хотын төвөөр дамжин өнгөрөх тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, малын шилжилт хөдөлгөөн, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавин голомтын бүсээс мал тэдгээрийн гаралттай түүхий эдийг гадагш гаргуулахгүй байх, бусад бүсээс орж ирж буй мал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн бичигтэйгээр бүртгэлжүүлэн оруулж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна.
Голомтын бүсийг "Хөндийн ам", "Малчны хороолол", "Улаан богочийн рашаан", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, "Элсэн толгой", "Алаг уул", "Баатархайрхан уул", "Услалтын толгойн барилга"-с дотогш нутгийг оруулж тогтоожээ.