С.Бямбацогт нарын гишүүд хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл санаачлав



УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай энэхүү тогтоолын төсөлд Засгийн газрын саналыг авахаар хүргүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан. Энэ зорилтоо бүрэн гүйцэд хэрэгжүүлэх ёстой гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Тэд хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс ялгаварлан олгож байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг, мөн Монгол улсын нэгдэн орсон НҮБ-ийн хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэж ийнхүү хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төсөл боловсруулжээ. Урьд нь хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгож байх үед 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй буюу хүлээлт байхгүй, уг мөнгийг нь банк эргэлдүүлдэг байсан гэх судалгаа байдаг. Ийм учраас хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх санал гаргаж, ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах тооцоо гарсан тухай тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгажээ. Өөрөөр хэлбэл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олговол 342.000 хүүхэд шинээр нэмэгдэж үүнд 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоог хууль санаачлагчид хийсэн байна. Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, голлох үзүүлэлтүүд сайжирч байгаа учраас энэхүү өсөлтийн өгөөж иргэн бүр, айл өрх, тэр тусмаа хүүхэд бүрт хүрэх ёстой гэж эрхэм гишүүд үзэж байгаа юм. Дашрамд дурдахад өмнө нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлыг судалж нааштайгаар шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахыг ОУВС-д илгээсэн албан бичигтээ онцлон дурдаж байсан юм. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ