Ховд их сургууль 2018 оны 07 сарын 23-ны өдрөөс 2018 оны 08 сарын 08-ны өдрүүдэд
"Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт" зохион байгуулж, хаалтын үйл ажиллагаагаа Шүүтийн тохойд ёслол төгөлдөр хийлээ. Хаалтын үйл ажиллагаанд ХИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Г.Амарзаяа оролцож, Ховд их сургуулиас зохион байгуулсан энэ удаагийн зуны сургалтанд хүрэлцэн ирсэн нийт багш, оюутнууддаа ХИС-ийн удирдлага, багш, оюутнуудын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэн, сургалтаа амжилттай төгссөнд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн дараа жил Ховд аймагт дахин уулзахын ерөөл өргөж, оролцогч оюутнуудад ахисан шатны сургалтанд хамрагдахад нь Ховд их сургуулийн үүд хаалга ямагт нээлттэй байх болно гэдгийг онцолсон юм.
Дэлгэр зуны нартай өдөр байгалийн сайханд зохион байгуулсан тус хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогч багш, оюутнууд сэтгэгдлээ илэрхийлсэн ба Хөхнуурын үндэстний их сургуулийн багш Аялгуу, Суонань Жуома нар
"Зуны сургалтыг амжилттай зохион байгуулсан ХИС-ийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Анх удаа Монгол улсад ирж буй манай оюутнууд энэ хугацаанд өөрийн нүдээр үзэж, гараар барьж, чихээр сонсож монгол хэл, түүх, соёл, ёс заншлын талаар их мэдлэг, мэдээллийг олж авсанд туйлын баяртай байна. Энэ нь хоёр сургуулийн харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлсэн томоохон үйл ажиллагаа боллоо" гэв.
Зуны сургалтын шилдэг оюутнаар тодорсон Хөхнуурын үндэстний их сургуулийн оюутан н.Бадамгэрэл оролцогчдыг төлөөлөн зуны сургалтанд оролцсондоо баяртай байгаагаа дурдаад, энэ хугацаанд Монгол хэл, соёл, угсаатны зүйн чиглэлийн лекцүүд уншиж, кирил үсгийн хичээл зааж, нүүдэлчин монгол ахуй, ёс заншилтай танилцуулж, байгалийн дурсгалт газруудаар аялуулан бидэнд сайхан дурсамж үлдээсэн ХИС-ийн эрдэмтэн профессорууд, сургалтыг зохион байгуулагч багш, оюутнуудад талархсанаа илэрхийллээ.
Хаалтын үйл ажиллагааны үеэр оюутнуудад төгсөлтийн сертификат, сургалтын хугацаанд зохион байгуулсан уралдаан тэмцээний шагналуудыг гардуулж, оюутнуудаа удирдан амжилттай оролцуулсан удирдагч багш нарт ХИС-ийн Талархал, дурсгалын зүйл хадгалууллаа.
Монгол хэл, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилготой тус зуны сургалтыг зохион байгуулахад дэмжиж ажилласан Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн музей, өв соёлын хүрээлэн, Гурван цэнхэр жуулчны бааз, Ховд аяллын компани, Шүүтийн тохойн жуулчны баазын хамт олон, Мөст сумын 1988 оны төгсөгчдийн төлөөлөл, лекц уншиж, хичээл орсон эрдэмтэн багш нар, зохион байгуулагч багш, ажилтнууд, оюутнуудад Зуны сургалт зохион байгуулах комисс талархал илэрхийлж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэв.