УИХ-ын гишүүн О.Батнасан тойргийн сумууд болох Дуут, Ховд сумуудад 8 сарын 1, 2-ны өдрүүдэд ажиллалаа. Тэрээр УИХ-ын хаврын чуулганаар хийж хэрэгжүүлсэн ажлууд болон шинээр батлагдан гарсан хуулиуд, нэмэлт өөрчлөлт оруулсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсон сумдын зуслангийн бүс нутгаар явж ажиллаж байна.
Дуут сумын хувьд энэ жил улсын төсвөөс 300 хүний суудалтай Соёлын төвийн барилга баригдах бөгөөд мөн Ус цэвэршүүлэх ажил, ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлууд шийдвэрлэгдсэн. Түүнээс гадна аймгийн төвтэй холбосон хатуу хучилттай 75 км автозамын ажил, сайдын багцаас Цэцэрлэгийн барилгын их засвар, Ахмадын өрөөний тоног төхөөрөмж зэргийг 2019 оны төсвөөс шийдүүлэхээр зорьж байгаа юм.Тус сумын иргэдийн ярьж буйгаар царцааны нүүдэл их байгаа учраас төрийн зүгээс царцааны асуудлыг бодлогоор шийдвэрлэхгүй бол бэлчээр сүйтгэж өвөлжилт, хаваржилтанд нөлөөлөх аюул байгааг онцолж байв. Мөн мал эрүүлжүүлэх, угаах ванн шаардлагатай байгааг учирлаж байлаа. Түүнээс гадна
"Нэвт"-ийн рашаан амралтын газрыг сумын мэдэлд өгч ашиглуулах, Ангийн отго буюу ан агнуурын зөвшөөрлийг суманд эрх өгдөг байх зэрэг асуудлуудыг зохицуулах боломжтой эсэх талаар саналаа илэрхийлж байв. Мөн Улаанбаатар хот дахь Дуут сумын нутгийн зөвлөлийн санаачилгаар
“Туулийн өргөө” цогцолбор баригдахаар болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүний зүгээс мөн тус цогцолборт хандив өгч байгаагаа мэдэгдэн сум орон нутагт иргэдийн санаачилгаар хийгдэж байгаа өв соёл, урлаг, үйлчилгээний зориулалтаар ашиглагдах тус бүтээн байгуулалтын ажилд амжилт хүслээ.
Харин Ховд сумын хувьд Сургуулийн барилгын засвар, Багийн эмчийн мотоцикль зэргийг улсын төсөвт суулган шийдүүлсэн. Мөн 2019 оны улсын төсөвт ЗДТГ-ын барилга, эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Соёлын төвийн барилгын их засвар зэргийг шийдүүлэхээр зорьж байгаагаа уламжиллаа.
Энэ үеэр Ховд сумын хувьд зуншлага сайхан болж байгаа бөгөөд цаг оройтсон ч гэсэн газрын гарц сайжирч байгааг иргэд онцолж байв. УИХ-ын гишүүн О.Батнасан тойргийнхоо сумдын зуслангаар явж ажиллах явцдаа улсын төсвөөр багийн дарга нарыг унаажуулах хүрээнд нийлүүлэгдэж байгаа мотоциклийг гардуулан өглөө.
УИХ-ын гишүүн О.Батнасан үргэлжлүүлэн Мөнххайрхан, Мянгад, Эрдэнэбүрэн гээд сумуудаар ажиллана.