УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын санаачилгаар түүний Ажлын алба
“Зуслангийн нэг өдөр” нэртэй өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр Улаанбаатар хот болон Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өглөө. Мөн үсчид иргэдийн үсийг үнэгүй засах үйлчилгээ үзүүлж, аав ээжүүд болон хүүхдүүдийн дунд олон төрлийн хөгжөөнт уралдаан тэмцээн зохиогдсон юм. Хүн малын зоо тэнийж, нар хур тэгширсэн дэлгэр зуны цагт ийм арга хэмжээ зохион байгуулсан нь үнэхээр нүдээ олсон ажил болсныг олон хүн үнэлж байсан юм. Тус өдөрлөгт нийт 3 мянга гаруй иргэн хамрагдаж дурсамж дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн байна.