Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын Гавъяат багш, Дугуйн спортын Олон улсын хэмжээний мастер Гүнчингийн Дашганын нэрэмжит сургууль болгожээ

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн ИТХ, сумын ИТХ-ын тогтоол шийдвэрээр Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул, анхны төгсөгч, Монгол Улсын Гавъяат багш, Дугуйн спортын Олон улсын хэмжээний мастер Гүнчингийн Дашганын нэрэмжит сургууль болгож, аймгийн ИТХ-ын тогтоолын батламжийг Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Түвшинзоригт гардуулан өгөв.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мөнххайрхан сумын бага сургууль нь 1948 онд Бооржийн голд анх байгуулагдаж, 1 анги, 2 бүлэг, 63 сурагчтай, 5 эсгий гэрт хичээллэж эхэлсэн бөгөөд 70 жилийн түүхийн хугацаанд Бооржийн гол, Давст, Ендэрт, Сэнхэрийн голын сургууль хэмээн 4 удаа нүүдэллэж одоогийн байрандаа байрласан байна. Мөн тус сургуулийн 8 жилийн сургууль болсон түүх 1976 оны хичээлийн жилээс эхтэй. Мөнххайрхан суманд 150 хүүхдийн дотуур байр, хичээлийн шинэ байр, өргөтгөл баригдаж 8 жилийн сургууль болж өргөжсөнөөр багш, ажилчдын орон тоо, сурагчдын тоо нэмэгдэж хөгжлийн шинэ шатандаа орсон юм.

Ингээд 1991 онд Мөнххайрхан сумын сургууль нь 10 жилийн сургалттай болж, 1993 онд анхны 10 жилийн сурагчдыг төгсгөсөн байна. Тэгвэл 2017-2018 оны хичээлийн жилд Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн 8, дунд ангийн 6, ахлах ангийн 3 бүлэгт 471 сурагч суралцжээ. Одоогийн байдлаар тус сургууль хичээлийн 2 байр, 80 хүүхдийн дотуур байр, компьютерийн иж бүрэн кабинет, 12000 номын фонд бүхий номын сан, 4 удирдах ажилтан, 25 багш, 24 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баярын хурлын үеэр “тус сургуулийн онцлог нь өндөр ур чадвартай олон багш нартай бөгөөд багшийг өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд нь их анхаарч, нийт багш нар боловсролоо дээшлүүлж 23 магистр багштай болсон” гэж сургуулийн удирдлагууд ярьлаа. Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын 95.7 хувь нь магистр, 65 хувь нь мэргэжлийн зэрэгтэй ажээ.

Тус сургууль Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор аймагтаа тогтмол өндөр үнэлгээтэй шалгагдаж, “Шилдэг үнэлгээтэй сургууль”-иар 10 дахь удаагаа шалгарсан нь Монгол Улсын Төрийн дээд шагнал болох “Алтан гадас одон”-гоор шагнагдахад ихээхэн нөлөөлсөн болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцоллоо. Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 70 жилийн ойн баяр 7 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж байна.











Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ