“Говийн чоно-2018” арга хэмжээг Ховд аймагт 5 сарын 28-аас 6 сарын 8-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа. Энэхүү дадлага, сургалтийн арга хэмжээний үр дүнгийн талаар аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой цөөн хором ярилцлаа.
-Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг хүмүүс бол аймгийн Засаг дарга нар байдаг. Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, идэвх санаачилга гарган ажилладаг танд юуны өмнө баярласнаа илэрхийлье?
-“Говийн чоно-2018” олон улсын дадлага, сургалтын энэхүү томоохон арга хэмжээг Ховд аймагт зохион явуулсанд талархаж зохион байгуулалт тал дээр нь анхаарч ажилласан. Энэхүү арга хэмжээ Ховд аймагт 10 хоног үргэлжиллээ. Бүх сургалт дадлага амжилттай сайн явагдаж өндөрлөсөнд баяртай байна. Манай аймгийн хувьд бол Баруун бүсийн тулгуур төв гэдгээрээ амжилттай сайн зохион байгууллаа гэж үзэж байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Онцгой байдлын Ерөнхий газар нэлээн тусаллаа.Мөн АНУ-ны Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулсан. Нийтдээ 300 гаруй хүн буюу 12 орны 50 гаруй гадаадын мэргэжилтнүүд оролцсон бүс нутгийн хэмжээний ийм томоохон сургуулилтыг бид хамтран амжилттай зохион байгууллаа.
-“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийг аймагтаа зохион байгууллаа. Энэ сургалтын үр дүнг та яаж харж байна?
-Ховд аймгийн хувьд бол хамгийн их анхаарал татдаг эрсдэл бол уул, усны эрсдэл байдаг. Сургалтын үр дүн бол манай аймгийн энэхүү эрсдэлд тулгуурласан сургалт, дадлагын арга хэмжээ болсоноороо ач холбогдолтой байлаа. Өндөр уулархаг газар ихтэй, томоохон ус, нуур, гол мөрөн ихтэй аймаг. Тийм учраас манай аймгийн аврагчдад болон ард иргэд сайн дурынханд энэхүү арга хэмжээ бол цагаа олсон сайхан ажил болсон.
-“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас бас дурдахгүй юу?
-Сургалтын хүрээнд дадлага сургалт явагдах гурван том бааз байгуулсан. Мянгад сум, Буянт сум, аймгийн төвд гэх мэт газарт. Мөн аймгийн Онцгой байдлын газрыг энэхүү сургалтын хүрээнд тодорхой хэмжээний тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн энэхүү сургалтын хүрээнд Шадар сайд Ховд аймагт ирж ажилласан. Тэрээр уг сургалтаас гадна Ховд аймгийн өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж зуншлага цаг үеийн асуудлуудыг анхааралдаа авсан. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн зуншлагадаа тулгуурлан намрын ажилдаа бэлтгэхэд ч гэсэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой ажил болсон гэж үзэж байна.
-“Ховд аймгийн хувьд уул, усны осол тохиолдох нь элбэг. Энэ хүрээндээ ч Онцгой байдлын газрын чадавхыг дээшлүүлэх ажил чухал байдаг шүү дээ. Гамшгаас хамгаалах чиглэлд аймаг, орон нутгаас хэр анхаарч ажиллаж байна даа?
-Аймгийн онцгой байдлын газар бол Баруун бүсийн онцгой байдлын төв гэж явдаг. Тэгэхээр аймаг орон нутгийн зүгээс энэхүү бүсийн төв гэдэг статусын хүрээнд ажиллахад нь хөрөнгө санхүүгийн болон бусад асуудалд нь анхаарч ажиллаж байна. Мөн зудаас үүсэх гамшгийн үед ажиллах бэлэн байдал буюу өвс хадлан тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд дэмжиж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд аймгийн онцгой комиссын нөөцөд байсан өвс дууссан. Тэгэхээр энэ зун энэхүү нөөцийг бүрдүүлэхэд аймгийн зүгээс голлон анхаарч ажиллаж байна. Энэ бол бидний хамтран хийж хэрэгжүүлэх гол үүрэг. Мөн иргэд ч гэсэн эртнээс бэлтгэлээ базааж хувь өрх айлынхаа хүрээнд өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан эртнээс өвлийн бэлтгэлээ базаах хэрэгтэй байгааг онцлон хэлье. Аливаа гамшгийн эрсдэл бол хэлж ирдэггүй зүйл. Тиймээс бид хамтдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Түүнчлэн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах аймгийн дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх тухай аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгасан байгаа. Цаашид уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж ажиллах болно.
Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.