Virtue Foundation ОУ-ын байгууллагын нүдний зовхины нарийн мэргэжлийн эмч нар 2018 оны 5 сарын 18-аас Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ажиллалаа. Дэлхийн улс орнуудын эмч нарын сайн дурын байгууллага болох энэхүү байгууллагын эмч нар манай аймагт нүдний нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, мэс заслыг хийх тул нүдний ухархай, зовхины гажиг засах, нүд орчмын түлэнхийн арьс нөхөх, нулимсны сувгийн эмгэгтэй өвчлөлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн юм. Эдгээр эмч нарын багийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хүлээн авч хүндэтгэл үзүүлэн нийт ховдчуудынхаа нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ. Ховд аймагт 14 хоногийн хугацаанд ажиллахдаа 600 орчим хүнд үзлэг оношилгоо, 140 гаруй хүнд мэс засал хийж нийт дүнгээр 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсны зэрэгцээ БОЭТ-ийн нүдний тасагт нүдний сувгийн эмчилгээний аппарат болон нүдний даралт хэмжигч аппаратуудыг хандивласан байна. Ирэх жилийн тухайд тус эмч нарын баг БОЭТ-д Чих хамар хоолой, эрүү нүүрний гажиг засал, Мэдрэлийн мэс заслын чиглэлүүдээр ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм байна. Долоо дахь жилдээ Ховд аймагт нүдний чиглэлээр ажиллаж, эмч нарыг сургаж дадлагажуулсан учраас ийнхүү үйлчилгээнийхээ чиглэлийг өөрчилж дээрх чиглэлээр ажиллахаар болжээ. Огноо: 5/28/2018 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1486 Мэдээ таалагдсан: