Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох асуудлыг судалсан ажлын хэсэг хуралдсан эсэх, ОУВС-тай тохирсон, тохироогүй гэсэн асуудал яригдаж багагүй маргаан үүслээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс асуудалд улстөржихгүйгээр, талцаж хуваагдан асуудлыг хойш тавихгүйгээр хуулийн дагуу шийдэх өөрөөр хэлбэл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц гаргалгаа байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр “Нэг өдөр ч алдахгүйгээр хүүхдийн мөнгө олгоё гэж байгаа бол асуудлаа хурдан хэлэлцэж хурдан шийдэх хэрэгтэй байна. Хоёр талд гарчихаад заавал 100 хувь олгоно, үгүй зөвхөн 80 хувь олгоно гэж зүтгэхгүйгээр аль болох ахиу хүүхдэд өгөх гарц гаргалгаа байна шүү дээ. Улс эх орондоо хохиролгүй, үр хүүхдэдээ ээлтэй хамгийн сайн хувилбарыг хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан. Өмнөх жилүүдийн судалгааг, баримтыг харахад боломжтой айл өрхүүд хүүхдийн мөнгөө огт авдаггүй байна. Иймээс улстөржихгүйгээр асуудлыг хурдан шийдэх, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ч хэрэгжсэн нөгөөтэйгүүр улсын төсөвт ч дарамт учруулахгүйгээр асуудлыг шийдэх гаргалгаа байна” гэсэн юм.