УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.05.09/ хуралдаж, Ёс зүйн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон учраас ийнхүү Ёс зүйн дэд хорооны даргыг шинээр томилж байгаа юм байна. Тиймээс Ёс зүйн дэд хорооны даргад МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн зүгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг нэр дэвшүүлэв. Ингээд санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдлоо.
Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Үүний дараа тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Энэхүү тогтоолын төсөл нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газраас Оюуны өмчийн газрыг тусад нь бие даасан агентлаг болгох төсөл юм.