ХНХЯамны харьяа байгууллагууд болох Ховд аймгийн ГБХЗХГ, Хөдөлмөр нийгмийн халамжийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөгжил политехник коллеж хамтран иргэдийнхээ дуу хоолойг сонсох Нээлттэй хаалганы өдөр” өнгөрсөн 4-р сараас эхэлсэн. Орон нутагт төрийн үйлчилгээг ард иргэддээ хүргэх зорилго бүхий уг арга хэмжээ нь бүтэн 1 сарын хугацаанд үргэлжилж, тусгай хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Ховд аймгийн 17 суманд хүрч ажиллан иргэдэд төрийн мэдээлэл, үйл ажиллагааг нэг дороос илүү хүртээмжтэйгээр авах боломжийг бүрдүүлж өгч ажиллаж байгаа юм. Тэгвэл 5-р сарын 2-оос 4-ний хооронд дээрх 4 байгууллага хамтран Ховд аймгийн зүүн сумд болох Мянгад, Дөргөн, Чандмань сумдад
“Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд 4 байгууллагын 32 хүний бүрэлдэхүүнтэй баг сум орон нутгийн удирдлагуудтай хамтран нэг суманд бүтэн өдөр ажиллаж тухайн сум орон нутгийн иргэдэд хэрэгцээ шаардлагатай байгаа үйлчилгээг газар дээр нь үзүүлж төрийн үйлчилгээг орон нутагт хүргэж ажиллажээ. Тухайлбал, аймгийн төвөөс 156 км-ийн зайд орших Чандмань суманд энэ сарын 4-ний өдөр ажиллаж энэ үеэр ГБХЗХГ-аас хамтарсан багийн хуралдааныг зохион байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл, хуралд оролцогчдод Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн нар, хамтарсан баг хэрхэн үр бүтээлтэй ажиллах, тулгамдаж буй асуудлыг хэрхэн хуулийн хүрээнд шийдвэрлэх, сум орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авах, аймгийн ГБХЗХГ-тай хэрхэн харилцаа холбоотой ажиллах, гишүүн бүр ямар үүрэгтэй байх зэрэг асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгч, байнгын идэвх санаачлагатай байж хамтран ажиллах талаар санал нэгдэв. Мөн мэргэжил сонголтын аяны мэдээллийг ахлах ангийн сурагчдыг хамруулан зохион байгуулсан ба ГБХЗХГ-ын залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Энхбаяр, Ч.Уянга нар сурагчдад мэргэжлээ сонгоход нь тусалж зөвлөгөө мэдээлэл өгөв.
Чандмань сумын Хөөмийн ордонд
“Нээлттэй хаалганы өдөр”-ийн арга хэмжээ үргэлжлэн явагдаж тэтгэвэр тэтгэмж, малчдын даатгалын байдал, ахмад настан, өрх толгойлсон ээж, аавуудад хүртэх үйлчилгээ зэрэг олон төрлийн мэдээ мэдээллийг иргэд нэг дороос авсан нь цаг үеэ олсон чухал ажил болсон юм. Энэхүү нээлттэй хаалганы өдөр энэ долоо хоногт Буянт, Дуут, Мөнхайрхан сумдад үргэлжилнэ.